Хятадын Хөгжлийн банк төмөр замын ажлыг санхүүжүүлэх сонирхолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-09-07 15:22:55

БЭЭЖИН./www.proactiveinvestors.com.au/. Монголын нутгийн хойд хэсэгт Эрдэнэт хотоос Овоот чиглэлд барих төмөр замын инженеринг, нийлүүлэлт болон барилгын ажлын 75 хувийг санхүүжүүлэх сонирхолтой байгаагаа БНХАУ-ын Хөгжлийн банк “Aspire Mining” ХХК-д илэрхийлжээ.

Эрдэнэтээс Овоот хүрэх төмөр зам нь Монголоор дайран БНХАУ, ОХУ хоёрыг холбох хойд бүсийн төмөр замын коридорт саяхан багтсан юм. Хятадын Хөгжлийн банк нь техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах эхний шатны ажлыг санхүүжүүлэх сонирхолтой байгаа аж. 

“Aspire Mining” ХХК нь Монголын хойд бүсийн аймгууд дахь хамгийн том нүүрсний ордыг эзэмшдэг бөгөөд Овоотын коксжих нүүрсний төслийн 100 хувийг  эзэмшдэг юм. Овоотын коксжих нүүрсний төсөл нь Монголын хоёр дахь том нүүрсний төсөл юм.

Овоот төслийн хэрэгжилт нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замын барилгын ажлаас шууд хамаарах бөгөөд Aspire-ийн Northern Railways гэдэг охин компани уг ажлыг гүйцэтгэх аж. 

Х.Сарнай


 

Холбоотой мэдээ