А.Дуда: Монгол Улс бол асар их нөөц бололцоо бүхий чухал түнш

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-04-25 15:54:19

ВАРШАВ. /PAP/. Монгол Улс бол асар их нөөц бололцоо бүхий чухал түнш, бид цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна гэж Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй Улаанбаатар хотноо мягмар гарагт уулзсаныхаа дараа мэдэгдлээ.


Хоёр улсын төрийн тэргүүн нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхийнхээ өмнө эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах олон хэлэлцээрт гарын үсэг зурав.


Ерөнхийлөгч А.Дуда мэдээлэл хийх үеэрээ, энэхүү айлчлал нь Польш-Монголын харилцааг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.


Монгол Улс нь асар их нөөц бололцоотой, байгалийн арвин баялагтай маш чухал түнш гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд, “Бид ирээдүйд Монгол Улстай хамтран ажиллах хүсэлтэй байна” гэж мэдэгдэв.


А.Дуда Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ улс төрийн хамтын ажиллагааны талаар, түүнчлэн “COVID-19” цар тахал болон Украины эсрэг Оросын түрэмгийллийн улмаас хүндрээд байгаа олон улсын нөхцөл байдлын талаар хөндсөн гэдгийг мэдээлжээ.


Тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид Киевт хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлсний сацуу Польшийн Элчин сайдын яам Монголын нийслэл Улаанбаатар хотноо нээгдэж байгааг мэдэгдлээ.

Холбоотой мэдээ