АРХАНГАЙ: Монгол Улсын Шадар сайд Өгийнуур суманд ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Өгийнуур /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра нар Архангай аймгийн Өгийнуур суманд ажиллалаа.
Архангай аймгийн хувьд бэлчээрийн даац хамгийн их хэтэрсэн аймгийн нэг.
Улсын онцгой комиссын шийдвэрээр хөнгөлөлттэй үнээр 17 тн тэжээлийг малчдад олгосон байна.
Сумын хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтож, бэлчээрийн өвс хомсдож, малын зүй бус хорогдол нэмэгдэж байгаа тул сумын нөөцийн өвс тэжээлийг малчдад хөнгөлттэй үнээр борлуулсан.
НҮБ-аас тус аймгийн малчдад малын дулаан сууц байгуулах, инноваци технологийг нэвтрүүлж, төсөл хөтөлбөрт хамруулах зорилгоор судалгаа хийж буйгаа танилцуулсан юм. Ингэснээр малын тоонд бус, чанарт анхаарах боломж бүрдэх юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зудын эрсдэлийг эртнээс бууруулах хамтарсан тусламж-2023” төслийн тусламжийн багцыг зорилтот бүлгийн их сургуульд сурдаг оюутан, эмэгтэйчүүдэд 450 мянгаас 680 мянга хүртлэх бэлэн мөнгө, охид эмэгтэйчүүдийн багц, “Амин тун” бэлдмэл 3 кг, өвөл, хаврыг өнтэй давах зөвлөмж, малчны жаргалан ном, малчдад өгөх зөвлөмж, 10000 төгрөгийн нэгж багтсан дэмжлэг үзүүлсэн байна.
Тус сумын Өгий багийн малчин Д.Алтангэрэлийнх 500 гаруй малтай.
Өвөлжилт хүндэрснээс мал хээл хаях, төл мал осгох нь элбэг байгааг тэд хэлж байв. Энэ хавар 80 гаруй бог төллөснөөс одоогоор 30 орчим нь л бойжиж буй гэнэ.
Өгийнуур сумын хувьд улсын нөөцийн тэжээлээс малчдад олгох, бусад аймаг сумдаас өвс тэжээл татан авч, малчдад нийлүүлэх шаардлага үүсээд байна гэж сумын удирдлагууд танилцууллаа.
Өгийнуур сумын хувьд одоогоор нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүл тогтсон бөгөөд Орхон, Дойт багуудад цасны зузаан 16-25 см байна. Өгий, Зэгстэй, Тоглох багийн хэсэг газруудад 11-22 см зузаантай, Тоглох багийн зарим хэсгээр 5-10см зузаан цастай байна. Мөн өнгөрсөн зун бэлчээрийн ургамлын гарц муу ургасан, бэлчээрийн даац хэтэрсэнтэй холбогдуулан нийт мал сүрэг бэлчээрээс идэш тэжээл идэх нь хомс, малын тарга хүч муудаж, зүй бусын хорогдол ихээр гарч байна. Одоогийн байдлаар 36512 толгой мал хорогдсон байна.
Шадар сайд С.Амарсайхан "Хэдийгээр өвлийг давсан ч хаврын хүнд нөхцөл үргэлжилж байна. Цаашдаа бодлогын түвшинд малын мах экспортлох, дайвар бүтээгдэхүүнүүдийг өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох талаас анхаарч ажиллах шаардлага байна. Малын мах, арьс, шир, түүхий эд бүтээгдэхүүн үнэгүйдсэнээс малчдын амьдрал жил ирэх тусам доройтож байна. Малын түүхий эд үнэгүйдэхийн хэрээр малчид малынхаа тоог өсгөж байна.
Энэ нь Монгол орон даяар бэлчээрийн даац хэтрэх, ургамлын гарц доройтох зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулж байна" гэлээ.