Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-13 13:20:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар Багануур, Багахангай, Налайх дүүрэгт мал аж ахуй эрхлэхийг хориглох бүс тогтоон, тус бүсээ дүүргийн төвөөр тогтоохоор төлөвлөсөн байна.


Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гаргаж, гишүүдийн саналыг тусган НИТХ-д өргөн барихаар боллоо. Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин дэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын 2019 оны тогтоолоор мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрөх, хориглох бүсийн хил хязгаарыг шинэчлэн баталсан. Тогтоолд Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад нь хамаарч байгаа. Сүүлийн жилүүдэд тохижилт, ногоон байгууламж нэмэгдэж байгаа ч суурьшлын бүсэд малтай иргэд малаа хариулгагүй бэлчээснээс хөрөнгө зарцуулж хийсэн ногоон байгууламжийг сүйтгэх болжээ. Мөн мал, амьтны гоц халдварт өвчин гарах эрсдлийг бий болгож байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


Налайх дүүрэгт хориглох бүс тогтоохоор төлөвлөж буй газарт 104 айл өрх 2500 толгой малтай. Багахангай дүүрэгт мал малладаг 102 өрх байдаг бөгөөд жилийн эцсээр 26 мянга гаруй мал тоолжээ. 

Холбоотой мэдээ