ӨВӨРХАНГАЙ: Гурван суманд зайн оношилгооны тусламж үйлчилгээг бий болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-04-12 17:44:38

Арвайхээр /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан хамтран Люксембургийн Засгийн газрын санхүүжилтээр “Эх, нярайн зайн оношилгоог өргөжүүлэх төсөл”-ийг 10 аймгийн 20 суманд хэрэгжүүлж байна.

Манай аймгаас Бат-Өлзий, Хужирт, Богд сум тус төсөлд хамрагдаж, эх нярайн яаралтай тусламж, гэр бүл төлөвлөлт, өсвөр үеийнхний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.


НҮБ-ын Шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа тэргүүтэй баг аймгийн Засаг дарга А.Ишдорж болон холбогдох албаныхантай өнөөдөр уулзалт хийж, төслийн талаар санал солилцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга хүүхдийн эрүүл мэндийг анхаарахын тулд эцэг, эхийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгааг дурдав. Хүүхдээ аргалахын тулд багаас нь утас өгч тоглуулдаг байдал хүүхдийн эрүүл мэнд, сэтгэлзүйд хортой нөлөө үзүүлж байгааг хэлсэн юм.

Мөн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчилсний дараа эмчлэх биш өмнө нь урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулах, өсвөр үеийнхний нөхөн үржихүйн асуудал, малчин залуусын гэр бүл төлөвлөлтөд онцгой анхаарах шаардлагатай байгааг хэллээ.


Дээрх төслөөр сонгогдсон сумдад зайн оношилгооны тусламж үйлчилгээг бий болгох, нэг сургуульд эрүүл мэндийн кабинет байгуулах, эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийн агуулгыг судлах зэрэг ажлын зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ