Сонгуулийн будилаантай холбоотойгоор Габоны Хууль зүйн сайд огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-09-06 11:30:29

ЛИБРЕВИЛЬ. /VOA/. Ерөнхийлөгчийн сонгууль будлиантай болсонтой холбоотойгоор Габоны Хууль зүйн сайд Серафин Мундунга албан тушаалаасаа огцорсон нь сонгуулиас хойш огцорч буй Засгийн газрын анхны өндөр албан тушаалтан болж байна.

Габоны Сонгуулийн Ерөнхий хороо өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ "ноён Бонго сонгуульд ялалт байгуулж сөрөг хүчний удирдагч Жан Пинг-ээс 5000-аар илүү тооны санал авсан" гэсэн нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ. Үүний улмаас эсэргүүцлийн жагсаал болох үеэр 6 хүн амиа алдсан байна.

Сайд С.Мундунга Францын Radio France International радиод даваа гарагт өгсөн ярилцлагадаа “улс орны амгалан тайван байдалд Засгийн газар огт санаа зовохгүй байгаа нь миний хувьд албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргахад нөлөөлсөн” гэжээ. Даваа гарагт Габоны Ерөнхийлөгч гэж өөрийгөө зарлаад байгаа Пинг бүх нийтийн ажил хаялт хийхийг ард иргэдэд уриалсан байна.

Дотоод хэргийн сайд Паком Мубелет Мубеяа мэдэгдсэнээр, баривчлагдаад байгаа 1000 гаруй хүний  800-г нь нийслэл хотод баривчилсан аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн ням гарагт Бонго, Пинг нартай утсаар ярьж хүчирхийллийг зогсоохыг уриалсан байна. НҮБ-ын тэргүүн тус байгууллагын Төв Африк дахь тусгай төлөөлөгч Абдулаяе Батили-д хандан хурцадмал байдлыг намжаахын тулд талуудтай хамтран ажиллахыг даалгажээ. Үүний дагуу Пинг-ийн сонгуулийн штабт хоригдож байсан 27 хүн суллагдсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгийн талаар тогтоол гаргахдаа тайван замаар, хуулийн дагуу ажиллах хэрэгтэйг Бан Ги Мүүн онцлон тэмдэглэлээ.

Х.Сарнай

 

 

 

 

Холбоотой мэдээ