Автотээврийн салбарт Румын улстай хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-06 16:50:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Румын Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Василика Басил Константинескутай уулзаж, хоёр улсын автотээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Монгол Улс, Румын Улс хооронд “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Румын Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулахаар ажиллаж байна. Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтойг ЗТХЯ мэдээлэв.


Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Манай улс одоогоор 20 улстай автотээврийн хэлэлцээр байгуулсан. Монгол Улсаас ноос, ноолуур, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж, Румын улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлох боломжтой”-г онцоллоо.


Монгол Улс Румын Улс хооронд 1950 онд дипломат харилцаа тогтоожээ. Өнгөрсөн хугацаанд тодруулбал, 1965 онд хоёр улсын Элчин сайдын яамны ажилтнууд болон бусад иргэнд эмнэлгийн тусламж харилцан үнэгүй үзүүлэх тухай БНМАУ-ын Засгийн газар, БНСРУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, 1967 онд консулын конвенц, 1972 онд иргэний болон гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, 1974 онд Визгүй зорчих журмын тухай конвенц, 1990 онд Агаарын харилцааны тухай хэлэлцээр, 2005 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, спортын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээг байгуулжээ. 

Холбоотой мэдээ