ТӨВ: Хүүхдэд өдөрт өгөх ёстой ккал хэмжээ 80 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-04-06 10:23:42

Зуунмод /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хүүхдийн хоол" хэлэлцүүлгийг 4 дүгээр сард зохион байгуулахаар болсон. Тус үйл ажиллагааны хүрээнд өмнөх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж, 27 сумын 350 мэргэжилтэн танхим болон цахим хэлбэрээр оролцсон байна. Хэлэлцүүлгийн хүрээнд 4 асуумжаар google form ашиглан санал асуулгыг авч байгаа юм.

 

Хэлэлцүүлгийн талаар Төв аймгийн БШУГ-ын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Отгоноос тодруулбал,

 

Тус хэлэлцүүлгээс гарсан санал хүсэлтийг нэгтгэн дүгнэж, эцсийн байдлаар томоохон хэлэлцүүлгийн үеэр уламжлахаар төлөвлөж байна.

"Үдийн цай-Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн боловч хүнсний хангамж, худалдан авалт, хүний нөөц, гал тогооны орчин нөхцөл, төсөв санхүүжилт гэх мэт олон хүчин зүйлийн улмаас эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс тогтмол шүүмжлэлд өртөх болсон нь үнэн юм. 


-Төв аймгийн хэмжээнд энэ тал дээр тулгамддаг томоохон асуудлууд юу байдаг вэ?

1.  -Хоол хүнсэнд тусгагдсан нэг удаагийн мөнгөн дүн бага байдгаас хүүхдэд өдөрт өгөх ёстой ккал хэмжээ 80 хувьтай байна. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалан хангалттай амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүн авахад хүндрэл учирч байгаа юм. Дотуур байранд амьдардаг 1-9 дүгээр ангийн хүүхдүүд 4000 төгрөг, 9-12 ангийн хүүхдүүд 4300 төгрөгийн хоол иддэг. Ингэхээр хүүхэд өдөрт 2475 ккал авах ёстой хэдий ч түүнийхээ 80 хувийг л авч чаддаг.

2.  Улаанбаатар хоттой ойрхон газарзүйн байршил нь зарим тохиолдолд бидэнд хүндрэл учруулдаг. Төв аймаг нийслэлийн хүнсний хангамжийн 30-40 хувийг хангадаг гэдэг ч аймгийн төвд хүнсний хангамжийг нэгдсэн журмаар олгодог газар байдаггүй.

3.   Дотуур байр, сургуулийн гал тогооны асуудал нь зайлшгүй хөндөх нэг сэдэв юм. Зориулалтын бус сургууль, дотуур байрны барилгад зориулалтын бус гал тогоо байх нь ойлгомжтой. Тоног төхөөрөмжийн хувьд ч мөн зориулалтын бус байдаг.

 

Энэ хичээлийн жилд аймгийн хэмжээнд хувийн болон төрийн өмчийн ерөнхий боловсролын 32 сургуульд 9672, сургуулийн өмнөх боловсролын 41 байгууллагад 7303 хүүхэд хоолны үйлчилгээнд хамрагдаж байна.

 

Монгол Улс 2019 оноос Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг батлан 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бага ангийн сурагчдыг “Үдийн цай-Үдийн хоол” үйлчилгээнд хамруулж эхэлсэн.


 

Холбоотой мэдээ