Египет, Сири улс дипломат харилцаагаа сэргээх хэлэлцээ хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-02 09:39:56

КАИР. /WSJ/. Египет, Сири улс 10 гаруй жилийн өмнө тасалсан дипломат харилцаагаа бүрэн сэргээх талаар урьдчилсан хэлэлцээ хийж байна гэж “The Wall Street Journal” эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 


Эх сурвалжуудын хэлснээр, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Сирийн төрийн тэргүүн Башар Асад нар дөрөвдүгээр сард уулзаж магадгүй байна. Хоёр орны удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлын талаар өмнө нь “Al-Hadath” телевизийн суваг мэдээлж байв. Ерөнхийлөгч нар энэ жил дөрөвдүгээр сарын 21 хүртэл үргэлжлэх Рамадан сар дууссаны дараа уулзаж магадгүй байна. 


2011 оны хавар Сирид Дамаскийн эрх баригчид болон сөрөг хүчнийхний хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш Сирийн Гадаад хэргийн сайд Фейсал Микдад анх удаа Каирт ажлын айлчлал хийсэн юм.


Египетийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, хэлэлцээний үеэр талууд "хоёр талын харилцаа төдийгүй Ойрхи Дорнодын бүс нутгийн байдалтай холбоотой харилцан сонирхсон хамгийн чухал асуудлуудыг" хэлэлцжээ. Сайд нар "хоёр орны харилцааг янз бүрийн түвшинд эрчимжүүлэхээр тохиролцсон байна".


Холбоотой мэдээ