Замын хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтын ухаалаг систем нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-03-28 13:50:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем нэвтрүүлэх хүрээнд тээврийн хэрэгслийн хяналт, бүртгэл, зохицуулалтын RFID, улсын дугаар таних LPR камерын систем, тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний Smart Car систем нэвтрүүлж байна.


Мөн газрын зургийн суурь системийг хөгжүүлэх, орон зайн мэдээлэлд тулгуурласан авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодын цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлээд байгаа. Ингэснээр бодит дата мэдээлэлд үндэслэж авто зам, тээврийн хэрэгслийн зохицуулалтын оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэж, RFID tag буюу тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ нэвтрүүлж байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.


Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг ярихдаа, “Цахим гэрчилгээнд суурилсан зорчих хөдөлгөөн зохион байгуулах нэгдсэн системийг нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Энэ нь шинэ ажил биш. Монгол Улс 17 жилийн өмнө Замын хөдөлгөөний удирдлагын төв байгуулсан. Замын хөдөлгөөнийг камерт суурилсан шийдлээр 17 жил удирдан зохион байгуулсан гэсэн үг. Энэ систем хуучирч, хотын замын хөдөлгөөн зохион байгуулах шаардлага хангахгүй болж. Одоо камерын тусламжтай хийх замын хөдөлгөөний хяналт 5 хувьтай байгаа. Үүнийг шийдэхийн тулд “Зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоо” төсөл хэрэгжүүлэх шаардлага гарсан гэв.

Холбоотой мэдээ