ДОРНОГОВЬ: “Нээлттэй Дорноговь аймаг” хөтөлбөр батлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-23 12:28:09

Сайншанд /МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын 22-нд хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-аар “Нээлттэй Дорноговь” зорилтот хөтөлбөрийг баталлаа.

Засгийн газраас хэрэгжүүлж буй төвлөрлийг сааруулж, хөдөөд сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд баталсан дээрх хөтөлбөрийн зорилго нь аймагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих, тэднийг угтан авахад шаардлагатай бэлтгэлийг хангах, аймаг орон нутгийн талаарх нэгдсэн ойлголт, мэдээллийн нэгдмэл удирдлага зохицуулалтыг бий болгож цахимжуулах, төрийн үйлчилгээг ойлгомжтой шуурхай болгох замаар аймаг, сум орон нутгаа хөгжүүлэхэд оршиж байгаа аж.

Аймгийн онцлог, эдийн засаг, түүх, өөрсдөд буй боломж, нутгийн брэндээ ард түмэнд таниулах, эдийн засгийн хувьд бие дааж аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдэд ажиллаж амьдрах, аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэх, эдийн засаг нийгмийн харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн мэргэжлийн ажиллах хүчний хомсдлыг багасгах, аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн тодорхой салбарын хөгжлийг эрчимжүүлэх, албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр сургалт явуулах аж. “Нээлттэй Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд суурин хүн амын 20 хувь буюу 14 мянга орчим иргэнийг орон нутагт шилжүүлэн суурьшуулахаар төлөвлөж, шилжин суурьшигчдад дэд бүтцэд холбогдсон газар олгох, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах, бизнес эрхлэх боломжийг олгох, татварын хөнгөлөлтөд хамруулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм.

Аймагт шилжин суурьшигчдыг дэмжих ажлыг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулах, санал боловсруулах аймгийн дэд ажлын багийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулж байгуулжээ. Хөтөлбөрийн эхний шатыг 2023-2024 оны хооронд буюу нийт 15 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ