ОХУ руу реэкспорт хийснээр Монголын экспортыг нэмэгдүүлэх боломж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ-ын хоорондох
худалдааны эргэлтийн 2.6 тэрбум ам.долларыг ОХУ-аас нийлүүлсэн импорт эзэлж
байна. Харин Монголоос 91.6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн нийлүүлжээ. Энэ нь
хоёр орны хоорондох худалдааны тэнцвэрт байдал хангалтгүй байгааг харуулсаар
байна.
Дээрх нөхцөлд ОХУ руу хийх Монголын экспортыг нэмэгдүүлэх нэг боломж нь реэкспорт байх талаар өнөөдөр МҮХАҮТ-д болж буй хоёр орны бизнес уулзалтад оролцогчид онцолж байна. Энд төрөл бүрийн цахилгаан бараа, автомашин, түүний сэлбэг хэрэгсэл зонхилох бөгөөд реэкспортыг нэмэгдүүлэхэд Монгол Улс чөлөөт бүсүүдээ хөгжүүлж, бэлэн байх шаардлагатайг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин тодотгож байна.
Бизнес форумд манай улсад айлчилж буй ОХУ-ын Эрхүү мужийн
Амбан захирагч И.И.Кобзев, тус улсын Дорнод Сибирийн Худалдаа, аж үйлдвэрийн
танхимын ерөнхийлөгч А.И.Соболь тэргүүтэй 40 гаруй компанийн төлөөлөл оролцож
байна.
Эрхүү мужийн хувьд Монгол Улстай газар зүйн хувьд ойр байршилтай тул хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол гүүр болдог бөгөөд 2022 онд тус мужаас Монгол Улс руу 170 сая ам.долларын бараа, үйлчилгээг экспортолж, Монгол Улсаас 3.6 сая ам.долларын бараа, үйлчилгээ импортолсныг Эрхүү мужийн Аж үйлдвэр, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Г.Гершун танилцууллаа.
ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Игорь Иванович Кобзев
тус муж ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтойг онцлоод
нэн түрүүнд эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үргэлжлүүлэн
боловсрол, онцгой байдал, аюулгүй ажиллагаа, аялал жуулчлал, эрүүл мэнд, хөдөө
аж ахуй, байгаль орчин экологийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх
хүсэлтэй байгаа гэв.
.
Форумд оролцож буй Монголын төлөөлөл, манай улс үйлдвэрлэлээ хөгжүүлж, экспортоо нэмэгдүүлэхийн тулд яалт ч үгүй, хөрш орнуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг хэлж байна. ОХУ руу манай улсаас хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспорт, худалдааг шинэ түвшинд гаргах, үүнийг хамтарсан үйлдвэр барих замаар шийдэх боломжтойг онцолж байна.
Өнөөдрийн форумын үеэр ОХУ,
Монгол Улс, БНХАУ-ын ХАҮТ-уудын дээд чуулга уулзалт энэ оны 6 дугаар сарын 8-нд
болох талаар мэдээллээ. Уг чуулга уулзалтаар хөрш орнуудын дамжин өнгөрөх
тээвэр, ложистик, худалдааны талаар ярилцаж, гурван улсын хоорондох Эдийн
засгийн коридор зэрэг өмнө нь ярьж байсан асуудлыг сэргээн хөндөх аж.
Монгол-Оросын бизнес
форумын хүрээнд өнөөдөр Улаанбаатар дахь Русский домд "Ворота в Азию" олон улсын үзэсгэлэн болон “Здравствуй, Россия” нэртэй VR платформын нээлт болно.
Харин бизнес форумын үеэр Дорнод Сибирийн ХАҮТ-уудын холбоо МҮХАҮТ-ын хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг, ОХУ-ын Эрхүү мужийн Хөгжлийн корпорацаас Монголын холбогдох ААН, төрийн байгууллагууд болон 3 аймагтай хамтран ажиллах, гадаад худалдааны гэрээ байгууллаа.
Хоёр орны бизнес форумыг Монголын талаас ГХЯ, ЭЗХЯ, МҮХАҮТ, Оросын талаас Эрхүү мужийн захиргаа, Дорнод Сибирийн ХАҮТ-уудын холбоо, Оросын Экспортын төв, “Мой бизнес” платформ зохион байгуулж байна.