Малчин суманд цасны зузаан 42 см болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-03-23 07:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Малчин суманд гуравдугаар сарын 20-21-нд 16 мм цас орж, цасны зузаан 42 см болсныг ЦУОШГ мэдээлэв.


Түүнчлэн, Завханы нутаг, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Архангайн зүүн, Булганы өмнөд, Сэлэнгэ, Төв аймгийн баруун хэсгээр энэ сарын 20-21-нд шилжих шөнө 1-7 мм цас орж, цасан шуурга 1-7 цаг шуурсан байна.


Мөн Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи 16-24 м/с, зарим үед 28 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга, 21-ний өдөр Архангайн зүүн, Булганы өмнөд, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын нутгаар 1-5 мм цас орж, цасан шуурга 1-11 цаг үргэлжилж, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсэг, Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи 18-27 м/с, зарим үед 28-31 м/с хүрч ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурчээ.


Төв аймгийн зүүн өмнөд хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтийн нутгаар энэ сарын 21-22-нд шилжих шөнө салхи 16-22 м/с, зарим үед 24-26 м/с хүрч ширүүсэж шороон шуурга, Хэнтий, Дорнодын нутаг, Дорноговь, Сүхбаатарын хойд хэсгээр 1-9 мм цас орж, цасан шуурга 1-10 цаг үргэлжилж, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдлаа. Хэнтий, Дорнодын нутгаар мөн шөнө 1-9 мм цас орж, салхины хурд 16-22 м/с хүрч, цасан шуурга 1-10 цаг үргэлжилж цаг агаарын гамшигт үзэгдэл болсон байна.

Холбоотой мэдээ