Монголбанк бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-03-15 15:44:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ.


Төвбанкны Мөнгөний бодлогын хорооны энэ оны эхний улирлын ээлжит хурлаас гаргасан дээрх шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл, гадаад, дотоодын төлөв байдлыг харгалзан бодлогын хүүгийн хувь хэмжээг хэвээр хадгалж, бодлогын хүүгийн коридорыг 2 хувь байсныг 1 нэгж болгон бууруулах, банкуудын 360 хоног хүртэлх хугацаагаар гадаад зах зээлээс шинээр татсан эх үүсвэрийг заавал байлгах нөөцөд тооцох эх үүсвэрээс түр хугацаанд хасаж тооцохоор болсныг мэдэгдлээ. 


Мөн инфляцийн түвшин алгуур саарч, эдийн засаг 4.2 хувийн өсөлттэй буюу төсөөлж байснаас дээгүүр гарч нөхцөл байдал өөрчлөгдөж буйг тэрбээр онцоллоо. 2023 оны 2 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц 12.2, Улаанбаатарт 12.1 хувьтай гарчээ. Он гарснаар цар тахлын нөхцөлд хэрэгжүүлж байсан бодлого суларч, хил нээлттэй болсноор экспорт эрчимжиж, гадаад худалдаа сэргэж эхэлсэн байна. Гэсэн хэдий ч дэлхийн эдийн засгийн төлөв сайжраагүй, геополитикийн тодорхойгүй нөхцөл байдлын улмаас эрсдлүүд үүсч болзошгүй, хэвээр байгааг Төвбанкны ерөнхийлөгч хэллээ.


Тэрбээр, Мөнгөний бодлого чангарахын хэрээр зээл олголт буурч байгаа. Гэхдээ зээл тасалдаагүйг хэлж, өнгөрсөн онд банкны салбарын хэмжээнд 31 их наядын зээл олгож байснаас 29 их наяд төгрөгийн зээл төлөгдөж, зээлийн өрийн үлдэгдэл 2 их наяд  төгрөг байна гэж сэтгүүлчдийн асуултад хариулав.


Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн оны 12 дугаар сард хуралдан, бодлогын хүүг нэг нэгжээр нэмж, 13 хувьд хүргэх шийдвэр гаргаж байсан юм.  Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, инфляцийн түвшин, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд олонхын саналаар ийнхүү шийдвэрлэж байв. Тодруулбал, дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор бодлогын хүүг нэмж байлаа.

Холбоотой мэдээ