Гэр хорооллын хөрсний дээжийн 90 гаруй хувьд нянгийн бохирдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-03-13 13:13:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр хорооллын хөрсний дээжийн 93 хувьд нянгийн бохирдол их гарчээ. Хөрсний бохирдлын шинжилгээгээр, нийт дээжийн 88 хувьд нь нян, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна.


Гадаадын жуулчид Гандантэгчинлэн хийдийг үзэж сонирхдог тул БОАЖЯ тус хийдийн орчмын болон доторх ариун цэврийг сахиулахаар, мөн соёлын өвийг угааж цэвэрлэхтэй холбоотойгоор их цэвэрлэгээ зохион байгуулах тухай албан бичгийг Соёлын яаманд хүргүүлж байна. Түүнчлэн, энэ асуудлыг УОК-ын хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байгаа аж.


БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх мэдээлэхдээ, "Аялал жуулчлалын гол бүс нутаг, тусгай хамгаалалттай газар нутаг, олон улсын болон улсын чанартай авто замын дагуу үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгжүүдийн нүхэн жорлонг татан буулгаж, стандарт хангасан ариун цэврийн байгууламжтай болгоход анхаарч байгаа"-г тэмдэглэв. 

 

Улаанбаатар хотоос аялал жуулчлалын гол замууд дагуу 200 метр тутамд ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөөд байна. Авто зам дагуу өмнө нь байсан нүхэн жорлонг буулгах бөгөөд энэ асуудлыг шийдэх зорилгоор ариун цэврийн байгууламжтай холбоотой үндэсний чуулганыг энэ сарын 28-нд зохион байгуулах аж. 

Холбоотой мэдээ