Японд төрөлт түүхэн доод түвшинд хүрч буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-03-01 09:07:56

ТОКИО. /Kyodo/. Японд 2022 онд шинээр төрсөн хүүхдүүдийн тоо долоо дахь жилдээ дараалан түүхэн доод түвшинд хүрч, төрөлтийн мэдээллийг 1899 оноос эмхэтгэж эхэлснээс хойш анх удаа 800 мянгаас доошилж буурчээ.


Японы Эрүүл мэндийн яамнаас танилцуулсан урьдчилсан мэдээллээр, 2022 онд төрөлт өмнөх оныхоос 5.1 хувиар буурч, 799 728-д хүрсэн байна. Ингэснээр 2033 онд төрөлт 800 мянгаас доошилж буурна гэж төсөөлж байсан 2017 оны Засгийн газрын таамаглалаас нэлээд эрт ийм түвшинд хүрчээ.


“COVID-19” цар тахлын нөлөөгөөр амьдралын хэв маяг өөрчлөгдөж, гэрлэлтээ хойшлуулах, улмаар гэрлэхгүй байх шийдвэр гаргах хүмүүсийн тоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь төрөлтийн түвшин буурахад нөлөөлсөн гэж зарим шинжээч үзэж байна. Залуучуудын санхүүгийн нөхцөл байдлаас гадна хүн хоорондын харилцаа хязгаарлагдсан зэрэг олон төвөгтэй хүчин зүйлийн нөлөө мөн байгааг Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нэгэн төлөөлөгч ярьжээ.


“Хосууд гэрлэснээсээ хойш хоёр жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авах нь түгээмэл байдагтай холбон авч үзвэл 2022 онд төрөлт буурсан нь 2020 онд цар тахлын улмаас гэрлэгсдийн тоо буурсантай холбоотой байх магадлалтай” гэж Японы Судалгааны хүрээлэнгийн ахлах судлаач Фүжинами Такүми хэллээ.


Японд 2022 онд 1 582 033 хүн нас барсан нь мөн тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд өмнөх оныхоос 129 744-өөр нэмэгдсэн байна. Харин 2021 онд цар тахлын үеэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн доод түвшинд хүрч буураад байсан гэрлэлтийн тоо өнгөрсөн онд сүүлийн гурван жилд анх удаагаа өсжээ. 

Холбоотой мэдээ