Тайланд улс жуулчдаас хураамж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БАНГКОК. /Thai PBS/. Тайландын Засгийн газар ирэх долоодугаар сарын 1-нээс эхлэн гадаадын жуулчдаас 150-300 хүртэлх батын (4-9 ам.доллар) хураамж авах шийдвэр гаргажээ.
“Thai PBS” сувгаар мэдээлснээр, тус улсад хуурай газраар болон далайн тээврээр хүрэлцэн ирж буй жуулчдаас 150 бат, нисэх онгоцоор зорчин ирэгсдээс 300 батын хураамж авах аж. Энэхүү хураамжаас цугласан хөрөнгийг гэнэтийн осолд орсон жуулчдад туслах, жуулчдын аяллын шинэ чиглэлийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.
Тайландын эрх баригчид байгалийн үзэсгэлэнт газруудыг нөхөөн сэргээх зорилгоор гадаадын жуулчдаас татвар хураамж авах журам нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа 2019 оны тавдугаар сард мэдэгдэж байв. Тухайн үед эрх баригчид энэ хураамжийн хэмжээ нь аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөөлөхгүй бага хэмжээтэй байх болно гэж мэдэгдэж байжээ. Гэвч тухайн үед аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсон байсан тул давхар нэрмээс болно гэж үзээд төлөвлөгөөгөө хойшлуулсан байна. Харин 2020 оны хоёрдугаар сараас тус улсын Аялал Жуулчлалын яам коронавирусний цар тахлын улмаас жуулчдын урсгал эрс буурсантай холбоотойгоор жуулчдаас татвар авах төлөвлөгөөгөө дахин хэрэгжүүлэхээр төлөвлөж эхэлсэн боловч уг санаачилгыг хэрэгжүүлж эхлэх хугацааг тухай бүр хойшлуулж байжээ.