ГОВЬ-АЛТАЙ: 1000 туульч Жангар туулийн 17 бүлгийг хайлав

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2023-02-13 11:10:29

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэлд багтсан “Монгол Жангар хайлах” өвийг сэргээх, хадгалан хамгаалах, өвлүүлэн үлдээх зорилгоор уран зохиолын оргил гэгдэх “Баатарлаг Жангар” туулийг 1000 туульч хайлах үйл ажиллагаа хоёрдугаар сарын 12-нд Говь-Алтай аймагт боллоо.



Тус үйл ажиллагааны хүрээнд 1000 туульч эл туулийн 17 бүлгийг хайлсан бөгөөд Алтай ятга, морин хуур, товшуур зэрэг үндэсний хөгжмөөс бүрдсэн 300 гаруй хөгжмийн чуулбар чуулсан юм.

Энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагууд болон Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, Монгол Улсын Төрийн батламжит туульч, МУСТА Э.Баатаржав, Төрийн батламжит туульч Д.Баатархүү, Жангар судлаач  Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Т.Баясгалан, МУБИС-ийн багш, Хэл бичгийн ухааны доктор О.Отгонбаатар, Алтай нутгийн иргэд өргөнөөр оролцов.


Жангар судлаач, МУБИС-ийн багш, Хэл бичгийн ухааны доктор О.Отгонбаатараас сэтгэгдлийг нь сонслоо.

-Зөвхөн монголчууд гэхээсээ илүү дэлхийд монголчууд гэдэг брэнд болсон зүйл бол Жангар тууль юм. Олон мянган баатарлаг туулиас тодорч гарч ирсэн нь энэхүү тууль. Энэ нь нүүдэлчин монголчуудын аж байдалтай холбоотойгоор Халимаг, Шинжаан руу нүүдэллэж, дэлхий дахинд гарсан хамгийн том тууль юм. Жилд Жангар туулиар олон улсын эрдэм шинжилгээний 2-3 хурал болдог. Энэ нь дэлхийн Монгол судлалд тэргүүлэх чиглэлийн нэг болсон гэж хэлж болно. Орон нутгийн төр захиргааны байгууллагаас өв соёлоо түгээн дэлгэрүүлэх томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаад баяртай байна. Соёлын өвийг хамгаалах нэгэн баталгаа нь өв тээгч, судлаач, төр гурвын хамтын ажиллагаанд оршин тогтнож үндэсний соёл болдог. Үүнийг анхлан алтайчууд санаачлан хийж байгаа нь туйлын бахархууштай үйл явдал болж байна" гэв.  

Монгол туулийг хүн төрөлхтний соёлын өвийн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзлэх үнэ цэн, ач холбогдолтой өв болохыг ЮНЕСКО-гоос хүлээн зөвшөөрч, 2009 онд Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн билээ.


Тэртээ XV зууны үеэс өнөөг хүртэл өвлөгдөж ирсэн соёлын биет бус үнэт өвүүдийн нэг бол яах аргагүй Жангар тууль юм. Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч В.Суръяа гуайн судалгаанаас үзэхэд, Говь-Алтай аймгийн Дэлгэр, Наран, Түмэн, Есөнбулаг сумаас Жангар туулийн дөрвөн эх гар бичмэл олдсон, Алтайн нурууны 13 ноён оргилын нэг Бурхан буудай уул тус туульд дурдагддаг гээд олон зүйлээр туультай холбогдож буй учраас үүнийг үр хойчдоо өвлүүлэн үлдээх ажлыг санаачилсан тухай Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрын дарга С.Цагаанбаатар тэмдэглэн хэллээ.