Хэрлэн сумын яслийн их засвар дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-31 16:20:29

Хэнтий аймгийн Хэрлэн сумын яслийн их засварын ажил 100 хувь хийгдэж шинэ байрандаа хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ.

Уг цэцэрлэгийн суурь нь анх 1948 онд, хуучнаар давхар дэлгүүрийн хойно нэг гэртэй үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй. Харин одоо байгаа газартаа 1962 онд үүсгэн байгуулагджээ. Ясли нь 50 хүүхдийн багтаамжтай баригдсан боловч одоо ой 3 сараас ой 6 сар, ой 6 сараас ой 8 сар хүртэлх насны 70 гаруй хүүхдийг хүлээж авч байгаа юм. Санхүүжилтээ 65 хүүхдийн тоогоор авдаг бөгөөд өнгөрсөн онд давхардсан тоогоор 90 гаруй хүүхэд тус яслид хамрагджээ.

Сүүлийн жилүүдэд төрөлт ихэссэн, залуу гэр бүлүүд нэмэгдсэн, ажлын байрандаа ороход хүүхэд харах хүнгүй гэсэн иргэдийн санал хүсэлт их байгаатай холбоотойгоор яслийг өргөтгөх асуудал яригдсаар ирсэн аж. Үүний дагуу яслийн удирдлагууд орон нутгийн хөгжлийн санд төсөл хүргүүлэн 100 хувь дэмжигдэж, энэ жил их засварын ажил хийсэн байна. Сэрүүний цагт ашиглагдахгүй байсан хоёр шилэн пиствулийг засахад Аймгийн Засаг дарга Н.Ганбямба ОНХС-аас 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, их засварын ажилд нийт 96 сая төгрөг зарцуулагджээ. Тендерийн ажлыг Д.Баярхүү захиралтай “Баялаг хурх” ХХК-ийн хамт олон 6-р сарын 3-наас эхэлж, гэрээнд заасан хугацааныхаа дагуу гүйцэтгэж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хүлээлгэн өглөө.

 Тус цэцэрлэг нь нийт 16 хүний орон тоотой ажилладаг тус ясли А,Б гэсэн хоёр бүлэгтэй, нэг бүлэгт 35 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, анги даасан хоёр багш, бүлэг тус бүрт хоёр туслах багш ажилладаг байна.

Яслийн эрхлэгч Н.Гэрэлмаа  “Хүүхэд хүлээж авах өрөө маш давчуу, 3x4 хэмжээтэй жижиг коридорт өглөө, оройдоо 60,70-аад хүн чихцэлддэг байлаа. Уг хоёр шилэн пиствулийг зассанаараа хүүхдүүд, эцэг эхчүүдийн хувьд аятай тухтай үйлчлүүлэх орчин нөхцөл бүрдэж, бүлэг тус бүр хүүхэд хүлээн авах танхимтай боллоо. Манай ясли нь ашигтай 903 метр квадрат талбайтай бөгөөд засвар нь 100 хувь хийгдсэн” гэв.

Байрны хувьд анх 2000 онд орон нутгийн төвлөрсөн төсвөөс хөрөнгө оруулалт хийж, их засварт оржээ. Үүнээс хойш 2011 онд дулааны шугам сүлжээг засч, багш нарыг техник тоног төхөөрөмжөөр хангаж, яслийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна. Харин 2014 онд орон нутгийн хөгжлийн сангаас төсөл авч зөөлөн эдлэл хэрэглэлийн асуудлаа шийджээ. 

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Холбоотой мэдээ