Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-06 08:39:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсголыг Төрийн ордонд эхэллээ.


Уг сонсгол энэ сарын 6-8-ны өдрүүдэд гурван өдөр үргэлжлэх ба Хөгжлийн банкны хянан шалгах эрх бүхий байгууллагуудын шалгалтын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүн, тус банкны охин компани болох “Ди Би Эм лизинг” ХХК-иас олгосон зээлүүдийн асуудлыг хэлэлцэх юм.


Сонсголын хүрээнд нийт 59 гэрчийг дуудсан байна. Хоёр дахь шатны сонсгол Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт, зөвлөмж өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн байдал, холбогдох гэрчээс мэдүүлэг авах сэдвийн хүрээнд өрнөнө. 






Холбоотой мэдээ