Дэлхийн чансаа олгох тэмцээнд Монголын 7 бөх зодоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Бөхийн нэгдсэн холбооны UWW-гийн дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн тэмцээн Хорват улсын нийслэл Загреб хотноо “Dom Sportova Sport Hall”-д эхэлж, манай улсаас 7 тамирчин зодоглохоор эх орноосоо мордлоо.
Тодруулбал, Загребийн
“Ranking Series”-т гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Баттулга, үндэсний
шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн
61 кг-ын жинд ДАШТ-ийн хүрэл
медальт ОУХМ Н.Наранхүү, 65 кг-д ДАШТ-ийн хүрэл
медальт ОУХМ Т.Тулга, 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д ОУХМ Г.Ганхуяг,
эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-д олимп, ДАШТ-ий
хүрэл медальт гавьяат тамирчин Б.Болортуяа, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Хулан
нар барилдана.
Дэлхийн Бөхийн нэгдсэн холбоо энэ жил чансааны оноо олгох 4 тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай юм. Чансааны тэмцээн болгонд 30 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд 390 мянган швейцар франкийн шагналын сантай. Энэ улиралд чансааны тэмцээн Хорватын Загребт “Zagreb Open”-оор эхэлж байгаа бол Египетийн Александр хотноо энэ сарын 23-26-нд, Киргизийн Бишкект 6 дугаар сарын 1-4-нд, Унгарын Будапешт хотноо 7 дугаар сарын 13-16-нд тус тус болно.
Загребийн дэвжээнд Ираны
Хассан
Яздани, Амирхоссейн Заре, АНУ-ын Кайл
Снайдер, Жейден Кокс, Хелен
Марулис, Гүржийн Гено Петриашвили, Азербайжаны Гажи Алиев, Энэтхэгийн Рави Кумар, Словакийн Таймураз Салказанов, Японы Юи Сүсаки нарын дэлхийн шилдэг бөхчүүд хүч
үзэхээр болжээ.