Монгол-Японы аялал жуулчлалын форумыг 4-5 дугаар сард хийх талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-01-30 18:06:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Японы Токио хотноо ажиллаж байна.


Тэрбээр, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн П.Баярцэцэг, Токио дахь ЭЯС-ны эдийн засаг хариуцсан зөвлөх Ө.Мөнхбат, “Таван Богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарын хамт  Япон Улсын “Жапан Эйрлайнс” (Japan Airlines) компанийн Борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Накано Хошико тэргүүтэй холбогдох албаны төлөөлөлтэй өнөөдөр Токио хотод уулзалт хийлээ.


Энэ үеэр хатагтай Накано Хошико, Япон Улсын “Жапан Эйрлайнс” компани Монгол Улс руу зуны улиралд чартер нислэг үйлдэх, Монгол-Японы аялал жуулчлалын бизнес форумыг 4-5 дугаар сард хийж агаарын тээврийн салбарын бизнесийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох талаар дурдлаа.


Японы “Жапан эйрлайнс”  компани Монгол  Улс руу чартер нислэг хийнэ.



“Жапан Эйрлайнс” нислэг үйлдсэнээр Японы жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагаа тэлэх ач холбогдолтойг хоёр тал илэрхийллээ.


БОАЖ-ын сайдын зөвлөх О.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид мөн өдөр Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг (ЖАЙКА) болон Японы аялал жуулчлалын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улс руу аялах Япон жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдыг татах аялал жуулчлалын бүтээгдэхүүн контент гаргах, Японы жуулчдад зориулсан аяллын маркетинг сурталчилгааг хийх тал дээр харилцан ашигтай, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Монголын төлөөлөгчид илэрхийлэв. 

Холбоотой мэдээ