Я.Содбаатар: Монгол Улс эко хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-27 16:22:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-аас "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолыг баталсан юм. Үүний дараа дээрх тогтоолын хүрээнд байгуулагдсан УИХ-ын түр хорооноос энэ сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолыг гаргасан. Өөрөөр хэлбэл, дээрх тогтоолуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд зохион байгуулсан өнөөдрийн уулзалтаар оролцогч талуудын ажлын төлөвлөлт, уялдаа холбоог хангах, санхүүжилтийн сахилга батыг сайжруулах чиглэлээрх холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн хэмжээний олон улсын байгууллагууд хамтарч хүнсний хангамж, түүний аюулгүй байдалд онцгойлон анхаарахыг уриалсан томоохон хэмжээний уриалгыг гаргасан. Тус уриалгын дагуу улс орнууд дотооддоо хүнсний хангамжаа сайжруулах, аюулгүй байдлаа хангах чиглэлд анхаарч ажиллаж байна. Мөн цар тахал, тээвэр ложистикийн саатал, ОХУ, Украины хооронд үүсээд буй мөргөлдөөнт байдал зэрэг нь дэлхий хүн амыг хүнсний хомсдолд оруулж болзошгүй байдалд хүргэж буй. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс улс төрийн манлайлал өрнүүлж, "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөнийг зарласан. Ингэснээр иргэдийн өргөн хэрэглээний 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 100 хувь хангадаг байхаар, дотоодоосоо нийлүүлж буй гол нэрийн бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад эко хүнс экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлсэн юм. Тиймээс хүнсний гол хэлхээнд буй байгууллагууд ирэх жилүүдэд ямар ажлыг хэдий санхүүжилтээр хэрэгжүүлэх вэ гэдгийг тодорхойлж өгөөд байгаа билээ.


Улсын хэмжээнд хүн амын хүнсний хангамжийн баталгаат байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аюулгүй байдлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, хүнсний шим тэжээлийн асуудлыг Эрүүл мэндийн яам, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хоол үйлдвэрлэлийн асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яам, эмзэг бүлгийн хүн амын хүнсний хүртээмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хүнсний гадаад худалдааг Гадаад харилцааны яам хариуцаж байгаа бол импорт, экспортын хүнсний түүхий эд бүтээгдэхүүнд тавигдах хяналт шалгалтыг Гаалийн ерөнхий газар, малын эрүүл мэндийн асуудлыг Мал эмнэлгийн ерөнхий газар, гамшгийн үеийн хүнсний нөөцийг Онцгой байдлын ерөнхий газар, хүнс, хөдөө аж ахуйн салбарын стандартыг Стандарт хэмжилзүйн газар, нийслэл болон орон нутгийн хүнсний хангамж, худалдаа, үйлчилгээг аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар тус тус хариуцаж байна. Үүний дотор санхүүжилтийн асуудал хариуцсан яамд, Монголбанк онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай" гэв.


"Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 5 бүлэг, 42 хэрэгжүүлэх арга, 114 үйл ажиллагаа бүхий УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд 35 төрийн байгууллага биечлэн болон хамтран хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож буй юм. 


Холбоотой мэдээ