Дундговь аймаг Улсын тэргүүний цэцэрлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-30 18:25:24

Улсын тэргүүний цэцэрлэгийн болзол хангасан амжилтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 4- р цэцэрлэгийн хамт олон хичээлийн шинэ жилийг эхлүүлэх гэж байна. Тус цэцэрлэг улсын тэргүүний цэцэрлэгийн гол шалгуур болох хүүхдийн хөгжил, мэдлэгийн түвшингээр 90- ээс дээш хувьтай үнэлүүлжээ.

Улсын тэргүүний цэцэрлэгийн болзол хангах зорилтыг манай хамт олон нэлээд хэдэн жилийн өмнөөс тавьж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж ирсэн. Хүүхдийг эцэг эхтэй нь хамт хөгжүүлэхэд сургалтын арга зүйгээ чиглүүлж, эцэг эхийн оролцоог идэвхижүүлж ирсэн нь ийнхүү үр дүнд хүрлээ гэж цэцэрлэгийн эрхлэгч С. Алимаа онцолсон юм.

Улсын тэргүүний цэцэрлэг боллоо гээд сэтгэл ханах биш хүүхэд бүрийн авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд сургалтын шинэ шинэ арга зүйг боловсруулан, эцэг, эх, багш, хүүхдийн холбоог илүү сайжруулж, улам шаргуу ажиллах цаг хугацаа манай хамт олныг хүлээж байна гэлээ.

Тус цэцэрлэг 125 хүүхдийн багтаамжтай баригдан 1977 онд ашиглалтад орсон байна. Өдгөө 200 гаруй хүүхэд хүлээн авч  22 багш, ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ хамт олон ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлж, аймгийн тэргүүний цэцэрлэг, шилдэг хамт олноор шалгаран, багш нарынхаа ур чадвараар ч аймагтаа төдийгүй, улсад үнэлэгддэг болжээ.

Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 120 гаруй сая төгрөгөөр гадна, дотно их засвар хийснээр хүүхдүүдээ шинэ орчинд хүлээн авахад бэлэн болсон байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ