ДОРНОГОВЬ: Их нартын БНГ-ын талаар гадаад, дотоодын хэвлэлд 150 гаруй өгүүлэл нийтлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-01-04 12:04:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт буй Их нартын байгалийн нөөц газар нь манай орны говь хээрийн бүсийн аргаль янгирын үржиж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутаг юм.

Энэ нутгийн унаган экосистем хийгээд биологийн олон янз байдал нь эко туризмыг хөгжүүлэхэд сонирхол татаж Монгол Улсын Шинжлэх ухааны академи, АНУ-ын Денверийн зоологийн сантай хамтран 2001 оноос хойш урт хугацааны төсөл дээр Монгол, Америк, Орос, Герман, Монголын судлаачид, оюутнууд ажиллаж байна.

Харин Америкийн Нэгдсэн Улсын Денверийн амьтны хүрээлэн нь сүүлийн 25 жилийн хугацаанд Монгол орны говь цөл, хээрийн экосистемийн төлөөлөл болсон Их нарт байгалийн нөөц газрын дэвсгэр нутагт оршин амьдардаг бүс нутаг болон олон улсад ховордлын шалгуураар эрсдэлтэй ангилалд хамаардаг зэрлэг амьтдыг судлах, хамгаалах чиглэлээр цогц үйл ажиллагаа гүйцэтгэж, байгаль хамгааллын чиглэлтэй судалгаа, менежментийг хийсэн байдаг.

Дээрх судалгааны үр дүнд судалгаа, менежментийн чиглэлийн 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын болон үндэсний мэргэжлийн сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд мэдлэг, танин мэдэхүй, байгаль хамгаалал, менежментийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй улам хөгжүүлэх, ахисан түвшинд хүргэх зорилгоор 100 гаруй өгүүллийг дээжлэн, “Их нартын байгалийн нөөц газарт хийсэн судалгаа, менежментийн эмхэтгэл” хэмээх бүтээлд дэлгэсэн байна.

Холбоотой мэдээ