АРХАНГАЙ: Хоёр аж ахуй нэгжид 450.0 сая төгрөгийн зээл олгохоор болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-28 16:54:42

Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс орон даяар нэгэн зэрэг авч эхэлсэн.


Архангай аймгийн тухайд 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 8.30 цагаас 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 8.30 цаг хүртэл цахимаар хүлээн авсан бөгөөд нийт 10 төсөл бүртгүүлснээс хүчингүй болсон, иж бүрдэл дутуу зэрэг шалтгаанаар 6 төсөл хасагдсан байна. Үлдсэн дөрвөн төсөлд программын тооцооллыг оруулж, шалгаруулалтыг явуулжээ.


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас ажлын баг ирж, нарийвчилсан судалгаа хийхэд шалгарсан 4 төслийн 30 хувь болон барьцаа хөрөнгийг газар дээр очиж танилцан үнэлгээ өгч ажилласан байна. Төсөлтэй газар дээр танилцах явцад нэг төсөл барьцаа хөрөнгө болон үйл ажиллагаа жигдрээгүй байсан тул төсөл шалгарах боломжгүй гэж буцжээ.


Ажлын баг нарийвчилсан судалгаа хийж, өгсөн онооны дагуу 3 төслийг шалгаруулж, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөл сонгон шалгаруулах аймгийн Дэд хорооны 2022 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу 3 аж ахуйн нэгж, хоршооны 550.0 сая төгрөгийн төслийн жагсаалтыг аймгийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/734 тоот захирамжаар батлан Хүнс, хөдөө аж ахуйн ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газарт хүргүүлсэн байна.


Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх газрын шийдвэрээр "Арбука" ХХК-ийн гахайн аж ахуй эрхлэх 150.0 сая төгрөг, "Тэнүүн бүрэн хангай" ХХК-ийн  цагаан идээ боловсруулах 300.0 сая төгрөгийн зээлийг дэмжиж, зээл олгохоор болжээ. 

Холбоотой мэдээ