NASA-ийн сансрын нисэгчид ОУСС-д шинэ нарны хавтан суурилуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-12-23 09:48:12

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн сансрын нисэгч Жош Кассада, Фрэнк Рубио нар “iROSA” нарны зай хураагуурыг Олон улсын сансрын станцад (ОУСС) суурилуулахаар пүрэв гарагт  задгай сансарт гарчээ.


Задгай сансарт гарах ажиллагаа АНУ-ын Зүүн эргийн цагаар 08:19 цагт эхэлж, 15:27 цагт дууссан байна. Сансрын нисэгчид зургаан нарны хавтангаас дөрвийг нь суурилуулжээ. 


Америкийн сансрын нисэгчид 12 дугаар сарын 19-нд задгай сансарт гарахаар төлөвлөж байсан боловч "Союз МС-22" сансрын хөлгийн багаж угсрах тасалгааны бүрхүүлд гэмтэл гарсны улмаас хоёр хоногоор хойшлуулжээ. 12 дугаар сарын 21-нд ОУСС-д сансрын хог хаягдал ойртсон учир сансарт гарах хугацааг дахин хойшлуулсан байна. 


ОУСС-ын нарны хавтангууд хэвийн ажиллаж байгаа ч тэдгээрийн заримыг 2000 онд суурилуулсан тул элэгджээ. NASA одоогоор тус бүр нь 340 шахам кг жинтэй, зургаан ширхэг “iROSA” хавтанг суурилуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр станцын эрчим хүчний системийн хүчин чадал 160-аас 215 кВт болж нэмэгдэх аж. Эдгээр хавтангийн хоёрыг нь 2021 оны зургаадугаар сард угсарсан байна. Гурав, дөрөв дэхийг нь 11 дүгээр сард “SpaceX” компанийн сансрын ачааны “Dragon” хөлгөөр хүргэжээ. 


Тойрог замын станцад одоо Кассада, Рубио нараас гадна “Роскосмос”-ын сансрын нисэгчид болох Анна Кикина, Дмитрий Петелин, Сергей Прокопьев, Америкийн сансрын нисэгч Николь Манн, Японы сансрын нисэгч Коичи Ваката нар ажиллаж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ