В.Зеленский Украины далбааг Н.Пелосид гардуулан өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-22 12:27:32

ВАШИНГТОН. /Ukrinform/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Конгресст үг хэлснийхээ дараа Конгрессын гишүүдэд улсынхаа төрийн далбааг гардуулан өгчээ. 


Тэрбээр Украины төрийн далбааг Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосид гардуулан өгсөн байна. Түүний хэлснээр, уг далбааг Бахмут хотын фронтын шугамд байгаа цэргүүд түүнд өгчээ. Хариуд нь Н.Пелоси АНУ-ын далбаа бүхий хайрцгийг гардуулсан байна.


Украины Ерөнхийлөгчийн хэлсэн үг хагас цаг орчим үргэлжилсэн бөгөөд гол төлөв АНУ-ын манлайлал, Украины удахгүй хүрэх ялалтын тухай уриа лоозонгуудаас бүрдсэн байсныг хэвлэлүүд онцолсон байна. Түүний хэлсэн өгүүлбэр бүрийг алга ташилтаар хүлээж авчээ. 


В.Зеленский 12 дугаар сарын 21-ний лхагва гарагт АНУ-д хүрэлцэн очсон. Вашингтонд Украины удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр удирдагч хэлэлцээ хийснийхээ дараа Цагаан ордонд хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн юм.


Холбоотой мэдээ