СҮХБААТАР: Хүний нөөцийн нийгмийн баталгаа хангах хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-02 18:20:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг “Хүний нөөцийн нийгмийн баталгаа хангах” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар батлууллаа.

Хот, суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний их урсгал нэмэгдэж байгаа энэ цаг үед аймаг, сум хөдөө орон нутгаа сонгон ажиллаж, амьдарч байгаа төрийн албан хаагчдаа дэмжин, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг үе шаттай хангах ажлыг зохион байгуулах шаардлага бий болоод байгаа юм.

Хөтөлбөр төрийн албан хаагчдын хуулиар тогтоосон нийгмийн баталгаа дэмжлэг авах боломжийг бүрдүүлж, үр дүнд суурилсан хариуцлага, урамшууллын тогтолцоо бүхий чадахуйн зарчимд тулгуурласан тогтвортой, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэн, иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэжээ. Энэ хүрээнд орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, өндөр чадамжтай боловсон хүчнийг салбар бүрд тасралтгүй бэлтгэж, боловсон хүчний хангалтыг 2027 онд 98 хувьд хүргэнэ. Хүний нөөцийн ажиллах орчин нөхцөл, нийгмийн баталгааны дэмжлэгийг 30 хувиар нэмэгдүүлж, мэргэшсэн тогтвортой хариуцлагатай төрийн албыг бэхжүүлэх зорилтыг дэвшүүлсэн байна. Хөтөлбөрийг 2023-2027 оны хооронд  хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

Сүхбаатар аймгийн хэмжээнд төрийн үйлчилгээний албан хаагч хамгийн олон буюу 84 хувийг эзэлж байна. Тодруулбал нийт албан хаагчдыг албан тушаалын ангиллаар авч үзвэл төрийн үйлчилгээний 2974, төрийн захиргааны 411, улс төрийн 124, төрийн тусгайгийн 39 албан хаагч байна. Эдний 10 хувь нь удирдах, 66 хувь нь гүйцэтгэх, үлдсэн хэсэг нь туслах тушаалынх. Төрийн нийт албан хаагчдын 71 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 30-39 насны залуучууд мөн дийлэнх хувийг эзэлж байна. Нийт албан хаагчдын 9 хувь нь өрх толгойлж байгаа ба үүнээс дийлэнх нь эмэгтэйчүүд байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн 117 байна.

 

Холбоотой мэдээ