АЙЛЧЛАЛ: Я.Содбаатар: Монгол, Японы ирэх 10 жилийн замын зураглалыг тодорхойллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
boloroo8136@gmail.com
2022-12-01 10:28:16

Токио /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан тус улсад 2022 оны 11 дүгээр сарын 29-30-нд төрийн айлчлал хийлээ.


Энэхүү айлчлалын ач холбогдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараас тодруулав. Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийж буй айлчлал амжилттай өндөрлөлөө. Монгол, Японы “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн шинэ шатанд шилжиж байна. Энэ нь хоёр орны харилцааны шинэ шатанд гарч, ирэх 10 жилийн замын зураглалыг тодорхойлсон айлчлал боллоо. Айлчлалын үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 10 жилийн дунд хугацааны хамтын төлөвлөгөөг тохирсон. Үүгээрээ Япон, Монголын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх тодорхой шийдлүүд гарлаа. Манай хувийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид Японы аж ахуйн нэгжүүдтэй зургаан томоохон гэрээнд гарын үсэг зурсан. Тухайлбал, хамтарч хиймэл дагуул хөөргөх, махны экспорт, хөнгөн хүнсний салбарт хөрөнгө оруулахтай холбоотой гэрээ байгууллаа. Цаашид нүүрс химийн аж ахуйн үйлдвэрийг Монголд хөгжүүлэх чиглэлээр томоохон судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эхэлж байна. Энэ нь хоёр орны хөгжилд төдийгүй Монголын эдийн засаг, уул уурхайн салбарт шинэ эхлэл тавигдаж байна. Нүүрснээс  устөрөгч, түлш, газ, дизель гаргаж авах бусад дагалдах бүтээгдэхүүний хамтарсан судалгааг эхлүүлж байна гэж хэлж болно.


Японы талаас хоёр орны харилцааг хүн төвтэй харилцаа хэмээн тодорхойлсон. Монголын хүний нөөцийг бэлтгэх чиглэлд Японы талаас дэмжлэг үзүүлэх, “1000 инженер” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх, байгаль орчны чиглэлд 20 мянган сургагч багш бэлтгэж өгөх зэрэг шийдвэрийг энэ үеэр гаргалаа. Хоёр орны эдийн засгийн харилцаанд эрчим хүчний хамтын ажиллагаа томоохон байр суурь эзэлдэг. Тиймээс цаашид шинэ эрчим хүчний салбарыг хөгжүүлэх чиглэлд тодорхой хэмжээний буцалтгүй тусламж олгохоор болсон.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалыг Эзэн Хааны түвшинд хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Японы Цог Жавхлант Эзэн хаанд бараалхсан. Японы Эзэн хаан хоёр орны харилцааны 50 жилийн ойд зориулсан Монгол Улсын Морин хуурын чуулгын тоглолтыг Эрхэм Дээд Хатны хамт үзэж сонирхсон нь манай улсад үзүүлж буй хүндэтгэл гэж үзэж байна” гэв.


Мөн тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Энэ нь гадаадад унасан байсан манай нэр хүндийг сэргээх, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж байгаа. Тухайлбал, Эдийн засаг хөгжлийн яам байгуулагдсаны дараа гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой 30 гаруй маргаан, гомдол байсан. Эдгээрийг шийдвэрлэх, тодорхой арга хэмжээ авахаар Засгийн газрын тогтоол батлагдаж ажиллаж байгаа. Энэ хүрээнд Японы бизнес эрхлэгчдэд өмнө нь үүсэж байсан зарим таагүй байдлыг засах, цаашид Японы хөрөнгө оруулалтыг татах тодорхой ажлууд хийлээ. Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Японы эдийн засгийн хороо, бизнесийн салбарынхантай уулзалтад оролцохдоо хэлж, байр сууриа илэрхийлсэн” гэв. 

Холбоотой мэдээ