СҮХБААТАР: 17 мянга орчим бүтээлийг танилцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-28 15:42:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд аймгийн Нийтийн номын сангаас Судар эгшиглэн төслийн оролцогчдын бүтээлийн үзэсгэлэнг Улаанбаатар хотноо Хүүхдийн төв номын санд дэлгэжээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй төсөлд 2881 оролцогчийн 14 мянган ширхэг номын тэмдэглэл, 2600 гаруй бүтээл ирсэн байна. Өөрөөр хэлбэл нийт 17 мянга орчим бүтээлийг үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд танилцуулж байна.


Баруун-Урт сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн ахлах ангийн сурагчид технологийн багш нартайгаа хамтран эсгийгээр “Номын богц” багц бүтээлийг хийжээ. Нэг багцад номын богц буюу цүнх, үзэгний сав, номын хавчуурга, дэвтрийн хавтас, аяганы кэйс, суурь гэсэн зургаан ширхэг бүтээл багтжээ. Нийт 12 ширхэг багц бүтээл нь тус бүрдээ тодорхой сэдэв, агуулгыг шингээсэн байна. Бүрэн болон хагас боловсруулсан эсгийг Улаанбаатар хотоос захиалгаар авчруулж бүтээлээ хийжээ. Ажиллагаа их орсон ч сурагчид маш дуртай, идэвх снаачилгатай оролцсон тухай багш нар нь хэлж байна. Ингэж эсгийгээр бүтээл урласан нь бусад сургуулиасаа анхдагч болжээ.


Харин оролцогч Ц.Гандиймаа тус төсөлд хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд заавал унших 20 номоос гадна нэмэлтээр есөн ном уншиж, бүх номынхоо тэмдэглэлийг хөтөлжээ. Тэрээр өөрийн багийнхаа ахмадуудад номын сангийн карт нээлгэж тогтсон хугацаанд хамтдаа ном унших дадлыг хэвшүүлсэн бол арван хүүхдэд үлгэрийн ном бэлэглэж, уншсан номын тэмдэглэл хөтлөх аргыг түгээн дэлгэрүүлжээ.


Үзэсгэлэнгийн нээлтэд төслийн ивээн тэтгэгч УИХ-ын гишүүн Н.Ганибал оролцож, хэлсэн үгэндээ Сүхбаатарчууд номын тэмдэглэлийг урлаг болгон хөгжүүлж, уншсан номынхоо хүрээнд сэдвийн дагуу эсгий, даавуу, цаасаар олон төрлийн сонирхолтой бүтээлүүдийг урласан нь төслийн ач холбогдол, үр дүнг илтгэж байна гэдгийг тодотгов.

Судар эгшиглэн төслийн шалгаруулалт 12 дугаар сард явагдах бөгөөд энэхүү төслийг цаашид улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. 


Холбоотой мэдээ