АРХАНГАЙ: Ойгоос мод бэлтгэх талбайд арчилгааны огтлолт хийх хээрийн сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-28 09:17:40

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас Эрдэнэмандал суман дахь сум дундын ойн анги, "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төсөлтэй хамтран ойгоос мод бэлтгэх ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, арчилгааны огтлолт хийх хээрийн сургалтыг зохион байгууллаа.

 

Сургалтад Батцэнгэл, Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан сумын байгаль хамгаалагч, ойн мэргэжлийн байгууллага, байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн 30 гаруй төлөөлөл оролцсон байна.

 

Хээрийн сургалтыг Хайрхан сумын Жарантай багийн Мааньт гэх газрын навчит болон шилмүүст ойд арчилгааны тохируулах огтлолт хийх 5 га талбайд зохион байгуулж, мод бэлтгэх ажлын төлөвлөлт, зохион байгуулалт, мод бэлтгэх эрхийн бичиг олгох, мод бэлтгэх, тээвэрлэлтийн явцад хяналт тавих чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн байна.

 

Сургалтад оролцогчид ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалт хийх багаж хэрэгсэлтэй танилцахын зэрэгцээ талбай тусгаарлалт, бэлтгэх модны нөөц тогтоох, модны нас тодорхойлох, арчилгааны огтлолт хийх аргачлалын талаар мэдлэгтэй болжээ. 

Холбоотой мэдээ