“Гайхамшигт Жюүдо” ном олны хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-18 14:36:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон судлаач, багш Д.Төмөрбаатар Жүдо бөхийн спорт үүсэж хөгжсөний 140 жилийн ойгоор “Гайхамшигт жюүдо” хэмээх шинэ номын нээлтийг өнөөдөр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн спорт зааланд хийжээ.


Номын нээлтийн ёслолд Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Япон улсаас Монгол улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн үе үеийн ахлах дасгалжуулагчид, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид оролцов.



Судлаач Д.Төмөрбаатарын жюүдо үүссэн түүхэн нөхцөл, дэлхий нийтэд түгэн дэлгэрсэн талаар, жюүдогийн мөн чанар, хэллэг нэршил, тэмцээний зохион байгуулалт, мэхний талаар, мөн Япон улсын тухай товч танилцуулга, япон хэлний талаарх мэдээллийг товчхоноор хавсран оруулсан ном юм байна.


Тус ном нь бөхчүүд хүүхэд залуус өвөртлөөд уншаад явж болохоор авсаархан жижиг ном аж.


Тэрбээр, “Яагаад ЖЮҮДО гэж бичсэн талаар, өөр бусад, та бүхний дуулж сонсоогүй мэдээллийг энэ номдоо оруулахыг хичээсэн. Заавал “жюүдо гэж бичих ёстой” гэсэн үг биш, утга учрыг нь галиг хэл зүйн үүднээс, энэ нэрэнд шингэсэн гүн утга ухагдахууны талаас нь тайлбарлаж бичсэн юм шүү, та бүхэн уншихаар ойлгоно. Ном маань бөхчүүд, сонирхогчид, бүх хүнд зориулсан ном” хэмээн онцолжээ.



Энэхүү номоо Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан гаргаж байна. Түүнчлэн Японд жюүдо үүссэний 140 жилийн ой энэ жил тохиож байна, өнгөрсөн жил Монголд жюүдо үүсч хөгжсөний 50 жилийн ой болсон, энэ тэмдэглэлт ойнуудтай давхцаж байгаа нь тун бэлгэшээлтэй үйл явдал болж байгаа аж.


Д.Төмөрбаатар: “Монголын жюүдо цөөн хүн амтай орны хувьд үнэхээр өндөр түвшинд хүрсэн нь маргахын аргагүй үнэн. Гэхдээ, одоо шинжилгээ судалгаа хийн, сургалт бэлтгэлдээ өмнөхөөсөө илүүтэй шинжлэх ухаанчаар хандан, Японы жюүдогийн нууц руу “өнгийн” хичээх юм бол бүр ч илүү амжилтанд хүрэх боломжтой. Миний хувьд энэ хөгжилд оруулж буй өчүүхэн хувь нэмэр юм” гэж нүүр номондоо сэтгэгдлээ бичжээ.


Ташрамд дуулгахад, Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ номын редактораар ажилласан байна.




Холбоотой мэдээ