Японд “COVID-19” халдварын тохиолдлын тоо өсөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-11-16 16:25:34

ТОКИО. /Kyodo/. Өнгөрсөн сараас хилийн хяналттай холбоотой хязгаарлалтуудыг цуцалж, дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн Японд өдөрт илрэх “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаагаа 100 мянга давжээ.


COVID-19” халдварын найм дахь давлагаа дэгдэх төлөвтэй байгаа Японд мягмар гарагт 105 184 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Ингэснээр өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо есдүгээр сарын 14-нөөс хойш /100 260 тохиолдол/ анх удаагаа 100 мянга давсан байна.


Тодруулбал, жуулчдын сонирхлыг ихэд татдаг хойд нутгийн Хоккайдо аралд сүүлийн хоногт 10 906 тохиолдол илэрсэн нь тус арал дээр өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсон бол нийслэл Токио хотод сүүлийн хоёр сарын хугацаанд өдөрт анх удаа 10 мянгаас дээш /11 196/ тохиолдол илэрчээ.


Энэ оны 10 дугаар сард Японы Засгийн газар өдөрт хилээр нэвтрэх хүмүүсийн тоонд тавих хязгаараа, мөн хувиараа аялах жуулчдыг хилээр нэвтрүүлэхэд тавьж байсан хязгаарлалтаа цуцалсан юм. Мөн дотоодын аялал жуулчлалыг сэргээхийн тулд татаас олгох хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. 

Холбоотой мэдээ