АРХАНГАЙ: Ч.Уранцэцэг: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 75 ажлыг хийхээр төлөвлөсөн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-14 12:10:55

Архангай /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас "Бүтээлч сар" аяныг сарын хугацаатай зарласан. Аяны хүрээнд ямар ажлууд хийх талаар аймгийн Соёлын газрын дарга П.Уранцэцэгтэй ярилцлаа.


-Энэ аяныг ямар зорилгоор зохион байгуулдаг вэ?

-Соёлын яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг соёлын бүтээлч сар болгон зарлаад энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жил яамны зүгээс орон нутгийн байгууллагуудаа хамруулан нэгтгэн оролцуулж, 160 бүтээлч ажлыг хийж байсан. Энэ жилийн тухайд 780 ажлыг нэгтгэн зохион байгуулахаар үйл ажиллагаагаа эхлээд явж байна.

 

-Ямар ажлууд хийх вэ?

-Засгийн газрын урт хугацааны бодлого "Алсын хараа-2050", Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 11 дүгээр сарыг соёлын бүтээлч сар болгосон. Энэ нь Монгол Улсын тэргүүлэх зургаан салбарын нэг нь соёлын бүтээлч үйлдвэрлэл болгон зарласантай шууд холбоотой. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг ард иргэдэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийг холбох чиглэлээрх ойлголтыг нийгэмд өгөх зорилгоор нэлээд далайцтайгаар хэрэгжүүлээд явж байна.

 

-Соёлын бие даасан яамтай болсноор соёлын ажлууд нэлээд далайцтай, ахицтай ажлуудыг хийж эхэлж байна уу гэж харж байна?

-Тийм шүү. Тэгж хэлж болно. Өмнө нь боловсролтой хамт байхдаа соён гэгээрүүлэх, урлаг, уран бүтээл, соёлын өвийг хадгалах, хамгаалах гэсэн ерөнхий гурван чиглэлээр явж байсан. Хоёр жилийн өмнөөс эхлээд соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн шинэ салбар, шинэ чиглэлийг гаргаж ирсэн. Үүнийхээ хүрээнд соёл урлаг зөвхөн нийгэмд ач холбогдолтой сайн сайхны илэрхийлэл болохоос гадна эдийн засгийн маш өгөөжтэй салбар юм гэдгийг тодорхойлж гаргаж ирээд байгаа. 

 

-Жишээ нь ямар үр нөлөөтэй байх вэ?

-Соёлын яамнаас жил гаруй судалгаа шинжилгээ хийгээд суурь, судалгаагаа гаргаад дууссан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг 12 чиглэлээр хөгжүүлж болох юм байна гэж гаргаж ирсэн. Түүний дундаас 5 салбарыг онцгойлон авч хэрэгжүүлэх юм байна. Хувцас загвар, дүрслэх урлаг, дизайн зэрэг. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн энэ салбарууд нь дам нөлөөгөөр бусад салбаруудаа хамтад нь хөгжүүлэх юм байна гэсэн бодлого гарсан. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийг хэлэлцээд батлагдах шатандаа явж байна.

 

-Архангай аймагт соёлын бүтээлч сарын хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-Архангай аймаг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 75 ажлыг хийхээр төлөвлөсөн. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг жишээгээр хэлэхээр хүмүүст маш ойлгомжтой байдаг. БНСУ-ын косметикийн урлаг, дуучид, олон ангит, хүүхдийн болон хүүхэлдэйн кинонууд гээд. Энэ бүхэн дээр БНСУ амбицтай ажиллаж чадаж байна. 1996 онд энэ улс соёлынхоо бодлогыг тодорхойлж, энэ чиглэлээрээ маш их ажил хийж чадсан нь өнөөдөр БНСУ-ын урлаг, уран бүтээл, соёлын бүтээлч үйлдвэрлэл нь дэлхийн зах зээлээс маш их хөрөнгийг татаж чадаж байна шүү дээ. Тийм болохоор манай улс үүнийг судалж соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тэргүүлэх нэг салбарын хэмжээнд авч үзэж байгаа юм. Дам нөлөөгөөр гэдэг нь БНСУ-ын олон ангит киноноос хүмүүсийн өмссөн хувцас, косметик, идэж, хэрэглэж байгааг нь олон улсад худалдаж авах гээд энэ бүхэн нь тэр улсад эдийн засгийн хөрөнгө болж орж байдаг. Энэ нь ерөөсөө л соёлын бүтээлч үйлдвэрлэл юм. Манай Монголын жишээ гэвэл Хү хамтлаг байна. Монгол Улс бодлогоор энэ хамтлагийг гаргаж ирсэн. Дэлхийд этник урлагийг ардын язгуур урлагтайгаа хослуулан гаргаж ирсэн нь маш өвөрмөц. Тийм ч учраас дэлхийн олон оронд Хү хамтлагийг бишрэн шүтэж байна. Энэ утгаараа ч Монголынхоо эдийн засагт тодорхой хэмжээний хөрөнгийг татаж байгаа гэж харж болно.


Монгол Улс дэлхийн зах зээлд гарах боломж, суурь нь соёлын өв юм. Манай аймгийн хувьд ч гэсэн Хү хамтлаг шиг хамтлаг яагаад гаргаж болохгүй гэж, цагаан идээгээ боловсруулахдаа арай өөр шинэлэг аргаар яагаад боловсруулж болохгүй гэж. Соёлын бүтээлч үйлдвэрлэл болгож хөгжүүлсэн, боловсруулж, бүтээснээ дэлхийд биш юмаа гэхэд бусад 20 аймаг, Улаанбаатар хот руу борлуулдаг байхын тулд сав баглаа боодол дээрээ анхаарч бар кодтой, монгол-англи хэлээр шошго бичих гээд энэ бодлогыг олон талаас нь харж хийж болоод байгаа.


Архангай аймгийн хувьд дараагийн хөгжүүлж болох салбар бол сарлагийн хөөвөр, эсгий урлал. Манай аймагт ганцхан "Baby yak" байна. Яагаад хэд хэд байж болохгүй гэж. Сарлагаараа улсдаа тэргүүлдэг учраас бид энэ салбарыг хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна.  


Мөн манай аймаг түүх соёлоороо алдартай. Буган хөшөө, хадны сүг зураг, сүүлийн үед маш олон хотын тууриуд гарч ирж байна. Тэр болгон маань түүх, өв юм. Үүнийгээ түшиглээд манай аймаг бодлогоороо танилцуулах самбар, мэдээллийн төвүүдийг ажиллуулаад, дагалдах жижиг бэлэг дурсгалын зүйлүүдээ хүртэл өөрсдөө үйлдвэрлээд худалддаг болох хэрэгтэй. Энэ бүхэн маань аялал жуулчлалын соёл болоод явах юм.

 

-Энэ сард ямар ажлууд төлөвсөн бэ?

-Төлөвлөгөө гаргасан. Энэ сарыг 4 долоо хоногт хувааж төлөвлөсөн. Эхний 7 хоногоо үндэсний нэгдмэл үнэт зүйл буюу өв соёлын 7 хоног гээд олон нийтэд үл хөдлөх болон хөдлөх өвүүдийг танилцуулах, биет болон биет бус өв тээгч нарыг цувралаар танилцуулах ажлуудыг хийлээ. Одоо ч үргэлжилж байна. Архангай аймаг бол соёлын өвөөрөө маш баялаг. Соёлын биет бус өв тээгч 365 хүн байдаг. Эдгээр хүмүүсийг бүртгэн авч, цахимжуулах ажлыг явуулж байна. Дараа нь дэс дараатайгаар сурталчлан таниулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Соёлын биет өвийн хувьд 321 биет өвийг тоолж, бүртгэлжүүлээд дууслаа. Аймгийн соёлын салбарын байгууллагууд өв соёл дээрээ тулгуурлаад бүх ажлаа явууллаа.

 

Хоёр дахь долоо хоногийг бүх нийтийн соёлын боловсрол буюу урлаг, уран бүтээлийн долоо хоног болгосон. Энд ХДТ-ын олон жүжиг, концерт үзэгчдийн хүртээл болно. Сумын соёлын төвүүд ч мөн адил тоглолт хийж байна. Мөн энэ долоо хоногт "Уртын дуу, морин хуур-100 жил" үйл ажиллагааг зохион байгуулна. Энэ нь ирэх жилийн аймгийн 100 жилтэй холбоотой ажил. Аймгийн 100 жилийн ойгоор 100 уртын дууч, 100 морин хуурч Төв халхын ая дангаар уртын дуу дуулбал ямар байх вэ гэж бэлтгэл суурь болгож, төлөвлөсөн ажил байна.

 

Гурав дахь долоо хоногийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийнх болгож байгаа. Энэ чиглэлээр нэлээд ажлууд хийнэ. Дээрээс нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 чиглэлийн аль үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, амжилтад хүрэх вэ гэдэг дээр хэлэлцэн дуу хөгжим, дүрслэх урлаг, хувцас загвар, цагаан идээ зэргийг хөгжүүлж, олон талаас нь харж, судлах, хөгжүүлэх санал санаачилга  байна гэж харж байна.

 

Дөрөв дэх долоо хоногт нь соёлын аялал жуулчлалын ажлын долоо хоног болно. Төв Азийн түүх соёлын аялал жуулчлалын цогцолбор болно гэсэн зорилготой ажлууд хийж байна. Төв Азийн түүх соёлын аялал жуулчлалын цогцолборын шав тавьчихсан. Эхний ажлуудыг хийсэн. Үүнийгээ бид түшиглээд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй юм байна гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ