Өнөөдөр Монголын 5 эрэгтэй боксчин Азийн ринг дээр тулалдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-10 08:47:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотноо үргэлжилж байгаа Ази тивийн сонирхогчдын боксын 2022 оны аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /11.10/ эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаануудаар үргэлжилнэ.

 

Өчигдөр эмэгтэйчүүдийн 60 кг жинд Үндэсний шигшээ багийн хамгийн залуу 19 настай тамирчин Т.Номин-Эрдэнэ Тайландын тамирчинг ялснаар, тивийн аваргын төлөөх тулаанд шалгарлаа.

 

Тэрбээр аваргын төлөө БНСУ-ын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга 32 настай хашир туршлагатай тамирчин О Ёон Жи-тэй тулалдах юм.

 

Харин энэ өдөр 52 кг жинд ОУХМ Л.Алтанцэцэг, Энэтхэгийн тамирчинтай учраа таарч ялагдсанаар Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтан болов. Мөн эмэгтэйчүүдийн 54 кг жинд ОУХМ О.Есүгэн - Тайланд,  63 кг-д СМ У.Шинэцэцэг Энэтхэг,  70 кг-д ОУХМ Э.Эрдэнэтуяа Тайландын тамирчинтай тус тус тулалдаж ялагдал хүлээснээр тэд, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтнууд боллоо.

 

Өнөөдөр Ази тивийн 2022 оны АШТ-ий эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанд Монголын 5 тамирчин хүч сорин тулалдахаас Улаанбаатарын цагаар 19 цаг 30 минутаас ОУХМ Б.Буяндалай Узбекистаны тамирчин Адханжон Мухиддиновтой тулалдах бол ОУХМ Б.Чинзориг Тайландын тамирчин, Зүүн өмнөд Азийн аварга Бунжонг Синсиритай 19.50-д тулалдана

 

Улмаар шөнийн 23.15-аас ОУХМ Х.Энхмандах Узбекистаны тамирчин, "Рио-2016" олимпын аварга Хасанбой Дусматовтой тулалдах бол ОУХМ Г.Лундаа 23.45-аас Узбекистаны тамирчин 2021 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Халаков Абмадуликтай тулалдана. Хамгийн сүүлд шөнийн 01 цагаас ОУХМ О.Бямба-Эрдэнэ Казакстаны  тамирчин 2018 оны Азийн наадмын мөнгө, 2019 оны Армийн дэлхийн аварга Шимбергенов Асланбектэй хүч үзэх юм байна.

Холбоотой мэдээ