СҮХБААТАР: Ирэх хаврын тариалалтад зориулж 380 тонн улаанбуудайн үр хадгалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-11-07 09:17:21

Сүхбаатар/МОНЦАМЭ/. Тус аймагт 2022 оны ургац хураалтын ажил бүрэн дууссан гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түмэнцогт, Баруун-Урт суманд тариалалт хийж, Баруун-Уртаас бусад суманд буюу нийт 3120 га талбайд улаанбуудай тариалж 3230 тонн ургац хураажээ. Ингэхдээ 1 га талбайгаас 18-22 тонн ургац авсан нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн 2023 оны хаврын тариалалтад зориулж 380 тонн улаанбуудайн үрийг авч хадгалсан байна.

Бусад ургацыг тариалсан нийт талбайгаас 100 хувь хурааж чадсан байна. Тодруулбал, овъёос 780 га талбайгаас 669,9 тонн арвай 250 га талбайгаас 245 тонн, малын тэжээл 878 га-гаас 2125 тонн, төмс 81,2 га-гаас 800 тонн, хүнсний ногоо 49 га талбайгаас 500 тонныг тус тус хураан авчээ.

Төмс, хүнсний ногоог бүх суманд тарьдаг бөгөөд Баруун-Урт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сум хамгийн их Халзан, Наран сум хамгийн бага ургац авчээ.  

 

Холбоотой мэдээ