Израилд парламентын ээлжит бус сонгууль явагдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЙЕРУСАЛИМ. /AP/. Израилчууд өнөөдөр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд
тав дахь удаагаа явагдаж буй бүх нийтийн сонгуульд саналаа өгч байна. Ээлжит
бус сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд засгийн газрыг
эмхлэн байгуулахад дахин мухардал үүсэж болзошгүй байна.
Израилын
Сонгуулийн төв хорооны мэдээлснээр, ойролцоогоор 6.78 сая сонгогч саналаа өгөх
эрхтэй байна. Израилын парламентын 120 суудлын төлөө нийт 40 нам өрсөлдөж
байна. Бүх саналын хуудсыг тоолсны дараа Ерөнхийлөгч хамгийн олон санал авсан намын
даргад засгийн газрыг эмхлэн байгуулахыг даалгана.
Энэ удаагийн сонгуульд тэргүүлэх гол намуудад “Ликуд”, “Еш Атид”, “Ткума” зэрэг намууд орж байна. Ерөнхий сайд асан Биньямин Нетаньяхугаар сүүлийн 17 жилийн турш удирдуулсан “Ликуд” нам нь тус улсын барууны үзэлт хамгийн том нам юм. Израилыг хамгийн удаан удирдсан Б.Нетаньяхугийн хувьд ерөнхий сайдын албыг 12 жил дараалан хашиж, 2021 оны зургаадугаар сард халаагаа өгсөн билээ.
Сүүлийн үеийн санал асуулгын дүнгүүдээс үзэхэд “Ликуд” нам 30-31 суудал, түүний эвсэл 60 суудал авах төлөвтэй байгаа нь Б.Нетаньяху засгийн эрхийг барихад шаардлагатай суудлыг авахад ердөө нэг суудал дутаж магадгүй гэсэн үг юм. “Еш Атид” намыг өдгөө 58 настай, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Яир Лапид байгуулан удирдаж буй юм. Түүний хувьд “цэвэр улс төр”-ийн төлөө зүтгэнэ гэдгээ кампанит ажлынхаа үеэр онцолж, авлигын хэрэгт нэр холбогдож байсан Б.Нетаньяхуд огцрохыг уриалсан байна.