СЭЛЭНГЭ: Мандал сумын ногоочдод зоорь нэн чухал шаардлагатай байна

ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ
otgontsetseg@montsame.mn
2022-10-31 14:05:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочид энэ намар 8000 тонн хүнсний ногоо хураан авсан байна. Тус суманд 27 мянга гаруй хүн ам оршин суудаг. Мандал сум 17 мянган га эргэлтийн талбайтай, 76 ААН, 1700 гаруй иргэд төмс, хүнсний ногооны тариалалт эрхэлдэг аж.

 

Жил бүр дунджаар 10.1 мянган тонн улаан буудай, 735 га талбайд 10.4 мянган тонн төмс, 456 га талбайд хүнсний ногоо тариалж, 9.7 мянган тонныг үйлдвэрлэж, сумын хэрэгцээгээ бүрэн хангадаг байна. Түүнчлэн тус сум аймгийн төмс, хүнсний ногооны 23-36 хувийг хангадаг байна.

 

Мандал сум нь үржил шимт хүрэн хөрстэй учраас газар тариалан эрхлэх, төрөл бүрийн хүнсний ногоо тариалахад маш тохиромжтой аж.

 

Тус сумын ногоочдын өмнө тулгамдсан нэг том асуудал бол хүнсний ногоогоо хадгалах зоорь байдаггүй аж. Иймээс хураасан ногоогоо удаан хадгалж чаддагүйн улмаас хямд үнээр ченжийн гарт өгч эрт борлуулалт хийдэг байна.

 

Сумын харьяанд нэг зоорь байдаг бөгөөд түүнд 14-15 хүний ногоо ороод багтаамж нь дүүрдэг байна. Сумын зоорь учраас түрээсээр ашиглаж, жилдээ 4 сая гаруй төгрөгийн төлбөр төлдөг ажээ. Ногоочдын хувьд га-гийн ургац өндөр, гайгүй сайн авдаг учраас түрээс төлөөд ашиг гаргаж чаддаг гэлээ.

 

Уг зоорины тухайд шуудайтай ногоогоо дээр дээрээс нь давхарлаж, аль болох их хэмжээгээр хадгалах зорилгоор хурааж хадгалдаг байна. Энэ нь зоорины стандарт, агааржуулалт алдагдахад хүргэдэг байна. Зарим ногоочид машины грааш, амбаар зэрэгт хадгалах горим, стандарт буруу нөхцөлд богино хугацаанд, бага хэмжээгээр хадгалдаг байна.

 

Хэрвээ зоорь хангалттай бол Мандалын ногоочид улсынхаа ногооны дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрэн байгааг ногоочид хэлж байна.

 

Мөн нийслэл болон ойр орчмын сумдаа ногоогоор бүрэн хангах боломж бололцоо бидэнд дүүрэн бий гэдгийг тэд ярьж байв.

 

Мандалчууд өрхийн хашааны тариалалт зонхилон эрхэлж, хашаандаа ногоогоо тарьж амьдардаг онцлогтой ажээ.

 

Холбоотой мэдээ