ГОВЬ-АЛТАЙ: Алтайн өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх хөв байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай /МОНЦАМЭ/. Алтайн өвөр говьд зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 тонн ус хуримтлуулах хөв байгуулж, гурван худагт нарны өргүүр суурилуулах ажлыг зохион байгуулсан тухай Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн захиргаанаас мэдээлэв.
Говийн их дархан цаазат газрын "А" хэсэг нь Монгол Улсдаа хамгийн том газар нутгийг хамарсан улсын тусгай хамгаалалттай газар нутаг бөгөөд төв Азийн нэн ховор амьтдын гол байршил нутаг болдог.
Зэрлэг амьтдын усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд аравдугаар сарын 20-25-нд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын санхүүжилтээр Говь-Алтай аймгийн Алтай сумын Тооройн хоолой, Цогт сумын Цагаан дэрс, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Баян амны сайр, Баян-Өндөр сумын Хатан суудлын талын худгуудын цооногт нарны өргүүр суурилуулсан байна. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Буурын хярд байрлах нарны өргүүрт худагт 30 тн ус хуримтлуулах хөв байгуулав.
Энэхүү ажлын зөвлөхөөр Монгол Улсын усны зөвлөх инженер Л.Төвд, гүйцэтгэгчээр "Баялаг говь" ХХК нь ажилласан аж. Энэ ажилд Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэг үзүүлжээ.