Түгжрэлийг бууруулах 420 тэрбум төгрөгийн зарцуулалтыг тодорхой бус байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-24 16:20:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөв, хөтөлбөр, зээл тусламжийн талаар ТББ-уудаас өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулав.


Хэлэлцүүлгээр Засгийн газраас түгжрэлийг бууруулах талаар өнгөрсөн онд 146 дугаар тогтоол гаргаж, багтаамж бүхий зөв автотээврийг зохион байгуулах талаар ЗТХ-ийн сайдад, үүний төсөв, санхүү болох 420 тэрбум төгрөгийг зарцуулах эрхийг Сангийн сайдад, зарцуулалтыг сар бүр тайлагнан сонсгол тавьж байхыг нийслэлийн Засаг даргад тус бүр үүрэг өгснийг дурдлаа. Үүний хүрээнд иргэний байгууллагуудын “Иргэд төсвөө хянах” сүлжээний "Ил тод байдал сан", "Захиргааны шинэ санаачилга" зэрэг 4-5 ТББ ажиглалтын мониторинг хийснийг танилцуулав.


Тогтоол 2021 оны 5 дугаар сард гарсан боловч 420 тэрбум төгрөгийг юунд, хэрхэн, яаж зарцуулах талаар тодорхой бус явж ирснийг дурдаж, ТББ-ууд Ерөнхий сайдад албан тоот хүргүүлж, шаардлага тавьснаар 2022 оны 2 дугаар сард л дөнгөж тодорхой болгосныг онцолж байв. Хэдий тийм боловч зарцуулалт өнөөдрийг хүртэл мөн нээлттэй бус, автозамд зарцуулах төсвийг сургууль, цэцэрлэг барих зэргээр өөр чиглэл, зориулалтын төсөвт шилжүүлэх байдлаар тодотгох хэрнээ яг түгжрэл буюу автозамын бүтээн байгуулалтад зарцуулах төсөв буурч буйд шүүмжлэлттэй хандаж Засгийн газар, нийслэлээс тайлбарлахыг хүсч байгаагаа илэрхийллээ.



Нийслэлийн өмчийн ашиглалт, эзэмшилт, захиран зарцуулалтад төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн зарим ажлыг энэ оны 6 дугаар сарын 22-ны төсвийн тодотголоор түгжрэлийг бууруулах төсөв рүү шилжүүлжээ.



Тодруулбал, анх НИТХ өнгөрсөн оны 12 дугаар сард 2022 оны нийслэлийн төсвийг батлахдаа 616.7 тэрбум төгрөгийг түгжрэлийг бууруулах төсөл, арга хэмжээнд төсөвлөн үүнээс 416.2 тэрбум төгрөгийг энэ онд санхүүжүүлэхээр болсон ч энэ оны 6 дугаар сарын 22-нд нийт төсөв өртөгийг 888.9 тэрбум, санхүүжилтийг 414.1 тэрбум төгрөгөөр нэмж хасах байдлаар тодотгожээ.  


Гэвч энэ онд төлөвлөж, төсөвлөсөн автозамын бүтээн байгуулалтын хэрэгжилт хагас, дутуу, тендерийн хуулийг зөрчсөн олон үйлдэл гарч буйг “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв мэдээлэв. Жишээлбэл, “Наадамчдын автозам”-аас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх автозам, гүүрийн барилгын ажлын нийт төсөвт өртөгийг 40.4 тэрбум төгрөгөөр хасч 78.5 тэрбум төгрөг, энэ онд санхүүжүүлэх дүнг 20 тэрбум төгрөг болгон тус тус бууруулсныг дурдаж байлаа.


Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх төслийн нэг, гүүрэн тулгуурт хөнгөн галт тэрэг (LRT)-ийн талаар “Үндсэн уртраг” ТББ-ын тэргүүн С.Цэнбаатар танилцуулсан юм. Уг төслийн тухайд төр, засаг мөн тодорхой бус байр суурь илэрхийлж, хөрөнгө мөнгө, хэрэгжүүлэх аргын талаар нэгдсэн нэг шийдэл хүрч чадахгүй байгааг хөндлөө.


Тухайлбал, Засгийн газар, нийслэлээс уг төслийг дэмжин “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэд бүтцийн томоохон төсөлд хамруулаад байгаа ч шийдвэр гаргах УИХ дээр уг төслийн хэлэлцүүлэг гацаж, зарцуулах төсөв хөрөнгийн талаар дахин ярилцаж буйг тодотгож байв. 


Гэрэл зургуудийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ