Үндэсний олимпын хороодын холбооны Ерөнхийлөгчөөр Робин Митчелл сонгогдов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сөүл хотноо үргэлжилж буй Үндэсний олимпын хороодын холбоо/ҮОХХ/-ны Ерөнхий ассамблей 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Өнөөдрийн хурлаар ҮОХХ /ANOC/-ны Ерөнхийлөгчийн сонгуулийг дүрмийн дагуу зохион байгууллаа. ҮОХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр 2018 оноос хойш ажиллаж буй Фижи улсын иргэн Робин Митчелл хуралд оролцогчдын нууц санал хураалтаар ирэх дөрвөн жил буюу 2022-2026 онуудад тус байгууллагыг удирдахаар боллоо.
Сонгуулийн санал хураалтад оролцсон 184 хүнээс 177 нь түүнийг дэмжиж, тав нь эсэргүүцэж, хоёр хүн түдгэлзсэн санал өгчээ. Мөн энэ үеэр дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, Катарын ҮОХ-ны ерөнхийлөгч Шейх Жоан бин Хамад Аль Тани сонгогдов. Санал хураалтад оролцогсдоос 166 нь түүнийг дэмжиж, 11 хүн эсэргүүцэж, есөн хүн түдгэлзжээ.
Өнөөдрийн хурлаар ҮОХХ-ны комисс, ажлын хэсгүүдийн
тайлан, “Парис-2024” олимпын наадмын бэлтгэл ажил, ОУОХ-ны Эв санааны нэгдлийн
мэдээлэл, ҮОХХ-ны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө болон Тогтвортой хөгжлийн
бодлогын төлөвлөлт, хамтран ажиллах боломж зэрэг цаг үеийн чухал мэдээллийг
солилцлоо.
Энэ хуралд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн
бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож байна.