ЗАВХАН: Стандартын бус нүхэн жорлонг ариутган устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-15 19:48:39

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт стандартын бус нүхэн жорлонг буулгаж, ариутгаж халдваргүйжүүлэх аян өрнөж байна.

БОАЖ-ын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний 11 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Алдархаан, Улиастай сумын Богд, Чигэстэй голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд оршдог 51 нүхэн жорлонгийн байршлыг тогтоон буулгаж, ариутгах, халдваргүйжүүлэх ажил хийгдэж байна.


Тухайлбал дээрх голуудын хамгаалалтын бүсэд оршдог, хөрс, усны бохирдуулагч эх үүсвэр болж буй түр зориулалтаар ашиглаж байсан 16 нүхэн жорлонг ариутган устгаж, дарж булаад байна. Мөн Алдархаан сумын ЗДТГ, байгаль орчны тасгийн алба хаагчид сумынхаа нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон найман нүхэн жорлонг ариутгаж дарж булшлах ажлыг хийлээ. Түүнчлэн аймгийн ЗДТГ, БОАЖГ, Хяргас нуур Завхан голын сав газрын захиргааны ажилчид хамтран Тосонцэнгэл сумын Хожуул голын дагуух стандартын шаардлага хангаагүй 14 нүхэн жорлонг буулгаж, ариутгал хийн дарж буллаа. Мөн үеэр нүхэн жорлонгийн стандарт, ариутгал хэрхэн хийх талаарх зөвлөмжийг бэлтгэн иргэдэд тараан өгч, мэдээлэл өгөөд байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Нүхэн жорлонг заавал ариутгах шаардлагатай

-Стандартын бус нүхэн жорлонгийн хор уршгийн талаарх мэдээлэл өгөөч?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.5 литр шингэн ялгадас ялгаруулдаг байна. Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай.

Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг. Гэр хорооллын айл өрхүүдийн 90 гаруй хувь нь ашиглаж буй нүхэн жорлонгоос болж, хөрсний өвчин сэдэрч, түүний уршиг хүн амын эрүүл мэнд тэр дундаа хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж буйг өнөөдөр бараг хүн бүхэн мэддэг болжээ. Гэхдээ өөрсдийнхөө гараар үр хүүхдээ өвчлүүлж байгаа учир шалтгаан, үр дагавар хийгээд хэрхэн сэргийлэхийг хэн ч мэддэггүй. Нэг ёсондоо энд төрийн байгууллагууд судлаад шинжлээд байдаг, тэнд иргэд үл мэдэгч янзаараа байсаар л байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 1.7 сая хүн усны бохирдол, ариун цэвэр эрүүл ахуйн асуудалтай холбоотой суулгалт өвчний улмаас нас бардаг. Үүний арван хүн тутмын ес нь хүүхэд байгааг анхааруулсаар байгаа. Тэгвэл газар гэсэж, шар усны үер урсан хөрсний бохирдол хүний эрүүл мэндэд заналхийлдэг цаг үе эхлэхээс урьтаж ариутгалыг заавал хийх ёстой. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сараас эхлэн суулгалт, цусан суулга зэрэг гэдэсний халдварт өвчин эрчээ авч, эмч нарын хэлдгээр халдварт өвчний улирал эхэлдэг. Энэ бүхэн нүхэн жорлонгоос болж буйг ойлгох, мэдэх шаардлага бий болоод байна.

-Гэр хорооллын айл өрхүүдийн дагаж мөрдөх нүхэн жорлон, бохир усны цооногт тавигдах стандарт гэж бий юу?

-Тийм ээ. Байлгүй яах вэ. Мэдээж иргэд өөрийн хэрэглэж буй нүхэн жорлонг байнга ариутгаж байх хэрэгтэй. Ариутгаж, цэвэрлэх боломжтой, зэвэрч нурахгүй материалаар хийсэн доторлогоотой байх ёстой. Жишээлбэл, мод, чулуу, төмөр, цемент гэх мэт зүйлээр доторлох шаардлагатай. Жорлонгийн бүхээг дотор ариутгал цэвэрлэгээний зөвшөөрөгдсөн бодис ба хэрэглэлүүдийг тавьсан байна.

Мөн гэр, сууцнаас аль болох хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15 метр, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон өрөмдмөл худгаас 150-250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд, ноёлох салхины доод талд барьж ашиглана. Жорлонгийн бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх бөгөөд шөнийн цагт гэрэлтүүлэгтэй, бүхээгийн хаалганы дээр ялаа шавж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байна. Нүхэн жорлон, угаадасны нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийнэ. Хүний эрүүл мэндийг хамгаалсан нүхэн жорлон агааржуулалтын хоолойтой, битүүмжлэл сайтай, суултуур эсвэл гишгүүртэй, цэвэрлэх боломжтой эд материалаар хийсэн байх ёстой. Бороо болон цасны ус орохоос сэргийлж бага зэрэг өндөрлөг газар байрлуулна. Ялангуяа гал тогоо байшингаас дор хаяж 15 метрийн зайтай байх хэрэгтэй.

Нүхэн жорлонгийн шалыг өдөр бүр усаар угааж эсвэл үнсээр цэвэрлэнэ. Суултуурыг таглахгүй, ялааны торыг үргэлж шалга. Нүхэнд элдэв төрлийн хог, угаадас хийхгүй. Гэтэл гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлон гэрээс нь 10 метр зайтай. Хажуу айлынх нь 12 метр. 10 өрх тутмын найм нь жорлонгоо эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч, солих сонирхолтой. 10 өрхийн долоо нь гэрэлгүй, үнэртэй, ялаатай, зургаа нь муу усны нүхтэйгээ хамт байдаг гэдэг нь тандалт судалгаагаар тогтоогдоод буй нь харамсалтай.

-Нүхэн жорлонг яаж ариутгадаг вэ? 

-Нүхэн жорлонг дулааны улиралд сард нэг удаа, хүйтний улиралд бол нэг удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй. Нүхэн жорлонд үерийн ус орох, ялгадас, угаадсыг халихаас сэргийлж, нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийсэн байх ёстой.

Дэлхий даяар нэг жилд 800 мянгаас багагүй тооны хүн нүхэн жорлонгоос бохирдсон усыг амьдрал ахуйдаа хэрэглэснээс үүдэн хорвоог орхиж байгааг 145 улсын тоон мэдээнд үндэслэн судлаачид тооцон гаргасан байдаг. Нүхэн жорлонгийн ёроолд хуримтлагдсан өтгөн нь агаартай болон агааргүй орчинд амьдрах чадвартай бактерийн тусламжтайгаар биологийн задралд буюу ялзралд орох замаар хэмжээ нь багасаж байдаг. Нүхэн жорлонд хуримтлагдсан өтөгт биологийн задрал явагдах үед хүлэмжийн хий агаарт дэгддэг.


Дэлхий даяар тархсан нүхэн жорлонгоос нэг жилд ойролцоогоор 5-14 сая тонн хэмжээтэй хүлэмжийн хий ялгарч байдгийг судлаачид тооцсон. Тодруулбал хүний үйл ажиллагаанаас улбаалан дэлхийн агаар мандалд цацагдаж буй хүлэмжийн хийн нийт хэмжээний хоёроос дөрвөн хувь нь нүхэн жорлонгоос үүдэлтэй юм.

Иймд нүхэн жорлон нь тухайн орчны агаар, хөрсний усыг бохирдуулагч, нийтийг хамарсан халдварт өвчлөлийн эх үүсвэр бөгөөд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн үйл явцад сөргөөр нөлөөлсөөр байна. Тиймээс ашиглаж буй нүхэн жорлонгоо аль болох стандарт шаардлагад нийцүүлэх. Ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийх. Боломжтой бол нүхэн жорлонгоос татгалзахыг иргэдээс уриалж байна.  




Холбоотой мэдээ