Бараа, үйлчилгээний талаарх мэдээлэл өгөх хариуцлагыг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-10-07 13:14:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэд, хэрэглэгч нар зайлшгүй мэдэж байх эрхтэй. Нөгөө талаар худалдааны байгууллагууд энэ талын мэдээллийг заавал өгч байх үүрэгтэй. Ингэснээр иргэд наад зах нь эрүүл, аюулгүй хүнсээр хангагдах нөхцөл боломж бүрдэнэ. Мөн бараа бүтээгдэхүүний хаяг шошго, орц, найрлагатай холбоотой эргэлзээ, гомдол багасах бөгөөд холбогдох стандартыг мөрдүүлэх, үйлдвэрлэгч, импортлогч, худалдааны байгууллага, хэрэглэгчдийн тал талын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий үр дүнтэй. Энэ талаар ШӨХТГ, МҮХАҮТ-ын хамтарсан хэлэлцүүлгээр өнөөдөр хөндлөө.


“Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” хэлэлцүүлэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ШӨХТГ, МҮХАҮТ-ын удирдлага болон үйлдвэрлэгч, импортлогч нар, худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг Шадар сайд С.Амарсайхан нээж хэлэхдээ, “Стандарт гэдэг бол улс орны хөгжлийн гол шалгуур, үндэсний аюулгүй байдлын нэгэн баталгаа, хүн амын амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь” юм гэдгийг онцоллоо. Тийм учраас бүх талын оролцоотой стандартын баталгаажуулалт, хэрэгжилт, хяналтыг тогтолцоогоор нь шинэчлэх бодлого чиглэл баримталж байна гэлээ. Стандартын шинэчлэлтэд хэрэглэгчийг бараа бүтээгдэхүүний гарал үүсэлтэй холбоотой мэдээлэл авах эрхийг хангахад чиглэсэн бодитой өөрчлөлт, шинэчлэл хийнэ гэдгийг тодотголоо


ШӨХТГ-аас “Бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх” аяныг өнгөрсөн сараас эхлүүлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж буйг мэдээлллээ. Хэлэлцүүлгийг аяны хүрээнд хийсэн үйл ажиллагааг дүгнэж, цаашид анхаарах зүйл, хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор зохион байгуулав.


Хэлэлцүүлгээр хэрэглэгчдийн чанар, аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх, мэдээлэл авах эрхийг хангах, сонголт хийх нөхцлийг бүрдүүлэх, төрийн байгууллага, үйлдвэрлэгч импортлогч нар, худалдааны байгууллагууд, хэрэглэгчдийн тал талын хариуцлагыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.


Холбоотой мэдээ