“Хил хязгааргүй номын сан” төсөл 21 аймгийн нийтийн төв номын сангийн фондыг баяжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-09-30 14:49:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австралийн Элчин сайдын яам, Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын номын сангийн холбоо хамтран 2022-2023 онд зохион байгуулж буй орон нутгийн номын сангийн хөгжлийг дэмжих “Хил хязгааргүй номын сан” төслийн нээлт Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн танхимд өнөөдөр боллоо.

 

 

Өнөө жил Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн хүрээнд энэхүү төслийг нээж буй юм.

 

Энэхүү төсөл нь Австралийн Элчин сайдын яамны санхүүжилтээр 21 аймгийн нийтийн төв номын сангийн фондыг баяжуулж, номын санчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулан, технологийн дэвшлийг ашиглан өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зорилготой. Мөн нийслэлийн төвийн болон алсалсан дүүргүүдийн номын сангуудад хүрч ажиллах юм.

 

Түүнчлэн номын сангийн мэргэжилтнүүдийн баг аймаг орон нутагт ажиллаж, номын сангийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан чадавхжуулах сургалтыг үе шаттай зохион байгуулж, үндэсний болон дэлхийн сонгодог уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, боловсрол мэдээллийн шилдэг бүтээлүүдээр хүүхдийн номын фондыг баяжуулж байна. Мөн олон улсын жишиг номын сангийн менежментийн программыг монгол хэлээр хөрвүүлэн номын сангууд нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.

Австрали улсын номын сангууд гэр бүлийн гишүүн бүрд хүрч хэрэглэгч төвтэй, тэгш хүртээмжтэй, олон талт, чанартай үйлчилгээ үзүүлдгээрээ дэлхийд тэргүүлдэг. Австралийн ЭСЯ Монгол Улсад байгуулагдсан цагаасаа номын сан, боловсрол мэдээллийн салбарт тасралтгүй хөрөнгө оруулж, Австралийн Засгийн газрын тэтгэлгийн төгсөгчдийн санаачилгаар номын сангийн шилдэг туршлагаас Монголд нэвтрүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, 2018-2019 онд нийслэлийн захын хороололд иргэний номын сангийн туршлага нэвтрүүлэх “Beyond Books” төсөл хэрэгжүүлсэн бол 2019-2020 онд Хүүхдийн Төв Номын Санд Австралийн боловсрол, мэдээллийн төв “Australian Corner” танхимыг байгуулж, олон талт үйлчилгээ хөтөлбөр хүргэж байгаа юм.

“Хил хязгааргүй номын сан” төсөл сайн туршлагаас дотооддоо нутагшуулах, дотоодын номын сангийн шилдэг туршлагыг салбарын хүрээнд дэлгэрүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээр 2022 онд Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран Дундговь, Баян-Өлгий, Сэлэнгэ, Архангай аймгийн нийтийн төв номын санд ажиллаж номын санчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулан, техникийн туслалцаа үзүүлээд байна.

 

Төслийн нээлтэд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит, Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэн, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг, Хараагүй хүмүүсийн инновац, хөгжлийн төвийн тэргүүн М.Цэнгэл, “Монсудар” хэвлэлийн газрын дэргэдэх “Уншигч” ТББ-ын тэргүүн Бэрт Винсерт, Монгол-Австралийн нийгэмлэгийн төлөөлөл болон албаны бусад зочид оролцов.







Холбоотой мэдээ