“Уянга” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг анх удаа Улаанбаатарт нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2022-09-26 21:00:50
Гэрэл зургийг Т.Чимгээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уянга” уран бичлэгийн олон улсын ес дэх удаагийн үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэл /МУЭ/-ийн “Бичиг соёл” галерейд нээлээ.

Тус үзэсгэлэнг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Шинэ Барга баруун хошуу, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар хамтран 2014 онд анх удаа Чойбалсан хотод нээж байжээ. Үүнээс хойш уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 2019 онд Өвөрмонголын Хөлөнбуйр хотод, өнөө жил анх удаа Улаанбаатар хотод дэлгэж буйгаараа онцлог аж. Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ, БНХАУ, Франц, Монгол Улсын 50 гаруй уран бичээчийн бүтээлийг дэлгээд байна. 

"Уянга-2022" үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын суртчилгааны хэлтэс, Монгол Улсын Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар,“Бичиг соёл” төвтэй хамтран зохион байгуулж буй юм. Мөн Олон улсын монгол уран бичлэгийн холбоо, МУЭ, Дорнод аймгийн Төв номын сан, Хөлөнбуйрын Шинэ Барга баруун хошууны “Утга урлагийн холбоо”, “Уран бичлэгийн нийгэмлэг” зэрэг байгууллага дэмжин оролцжээ. 

Энэ сарын 23-нд болсон үзэсгэлэнг нээх ёслолын үеэр “Олон улсын монгол уран бичлэгийн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Р.Отгонбаатар хэлэхдээ, “Өвөрмонголын уран бүтээлчид Дорнод аймагт зохион байгуулдаг үзэсгэлэнгээ нэг шат ахиулж, улсын нийслэл Улаанбаатарт хүргэж ирсэнд бид их баяртай байна. Хойшид манай бичиг соёлын уран нямбай, угалз хээт тансаг бичлэгийн ийм үзэсгэлэн өрнөн хөгжих нь манай залуу үеийнхэн, монгол туургатан бүхэлдээ монгол бичгээ, хэл соёлоо хадгалж явах, мандуулж хөгжүүлэхэд ихээхэн ач тустай”-г тэмдэглэлээ.  


БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны "Утга урлагийн холбоо"-ны тэргүүлэгч Сарнаа цахимаар илгээсэн мэндчилгээндээ, "Урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан олон улсын соёл урлагийн солилцоонд нэмэр болж, уран бичлэгийн үзэсгэлэнгийнхээ цар хүрээг жилээс жилд өргөжүүлж байгаа нь чухал бөгөөд "Уянга-2022" үзэсгэлэнг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь нэгэн дэвшил юм" хэмээн онцолсон байна.


Харин "Уянга" үзэсгэлэнг нийслэл хотноо зохион байгуулах ажлыг санаачлагч, “Бичиг соёл төв”-ийн тэргүүн, уран бичлэгийн мастер Д.Ганбаатар, “Дараа жил тус үзэсгэлэнг Дорнод аймагт мөн олон улсын хэмжээнд зохион байгуулна. Хилийн хорионоос болоод гадаад уран бүтээлчид энэ удаад хүрэлцэн ирж чадаагүй ч бүтээлүүдээ шуудангаар илгээсэн. Монголын түүх, соёл, уламжлалтай холбоотой сэдвийн бүтээл өнөө жилийн үзэсгэлэнд түлхүү ирүүллээ. Монголчууд сүүлийн үед бийрээс гадна, хулсан үзгээр их бичих болсныг үзэсгэлэнгийн бүтээлүүдээс харж болно. Энэ мэтээр Монгол, Өвөрмонгол, буриад, халимаг уран бичээчдийн өвөрмөц онцлог, ялгаа, урлалын чиг хандлагыг үзэсгэлэнгээс ирж үзэхийг урьж байна” хэмээн тодотгосон юм.


 "Уянга" үзэсгэлэнг 10-р  сарын 15–ыг хүртэл МУЭ-ийн "Бичиг соёл" галерейд олны хүртээл болгоно. 















Холбоотой мэдээ