СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймгийн Шаамар сум шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-27 11:55:25

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022 нэгдсэн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагаа нь энэ сарын 18-25-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдлаа.

 

Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгаас 58 ногоочин, иргэд, хоршоологчид оролцсон байна. Тэд 32 нэр төрлийн хүнсний ногоо, 26 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр нийслэлийн иргэдэд үйлчилж, нийт 204.110.000 төгрөгийн  борлуулалт хийжээ.

 

Намрын ногоон өдрүүд” уламжлалт үйл ажиллагааны хүрээнд шилдгүүдээ тодруулан урамшуулдаг онцлогтой байдаг. Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022 нэгдсэн арга хэмжээний шилдэг сумаар Сэлэнгэ аймгийн Шаамар сум шалгарлаа.  

 

Мөн Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2022 нэгдсэн арга хэмжээний хүрээнд шилдгүүдийг тодруулахдаа үйлчлүүлэгч, хэрэглэгчдээс авсан судалгааны үнэлгээг тооцож шалгаруулсан нь онцлог юм.  

 

 

Ингээд үйлчлүүлэгч, хэрэглэгчдээс ирүүлсэн хамгийн олон саналаар Шаамар сум энэ жилийн шилдэгээр тодорчээ. Шаамарын ногоочид хүлэмж болон задгай талбайд тариалсан төрөл бүрийн нийт 300 гаруй тонн хүнсний ногоо зарж, борлуулсан байна.

 

Шаамар сумын тухайд олон ногоочид хамрагдсан бөгөөд зохион байгуулалт сайтай, эв нэгдэлтэй оролцсон нь шилдэг болоход нөлөөлжээ. Тус сумын ногоочид 30 нэр төрлийн хүнсний ногоо, 21 төрлийн жимс, жимсгэний сууулгац, 8 нэрийн гоёл чимэглэлийн мод бутны суулгацаар нийслэлчүүддээ үйлчилсэн байна. Мөн Шаамар сумын ногоочдын зарж борлуулж байгаа бүтээгдэхүүнүүд нь сав баглаа боодол сайтай, хаяг шошготой байснаараа онцлогтой аж.

 

Харин ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж, нутагшуулсан ногоочиноор Зүүнбүрэн сумын иргэн Д.Болортуяа,  Хамгийн олон төрлийн ногоо тарьж, сурталчилсан номинациар Сүхбаатар сумын иргэн Л.Чимгээ,  Жимс, жимсгэний суулгац үржүүлэгчээр Шаамар сумын иргэн Д.Баасансүрэн, Хамгийн их төмс борлуулсан ногоочиноор Мандал сумын иргэн Г.Баянбямбаа, Шилдэг хоршоогоор Мандал сумын “Мандал органик фүүдс” хоршоо тус тус шалгарсан байна.

 

Нийслэлчүүдийн зүгээс хүнсний нарийн ногооноос гадна хүлэмжийн ногоог худалдан авах түүн дотроо даршилсан болон зөгийн бал, шар, ногоон хулуу, чинжүүний нэр төрөл, гоньд зэргийг түлхүү худалдан авч байсан байна.

Холбоотой мэдээ