АХБ: Зээл, тусламж нь эдийн засгийг тогтворжуулах Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихэд чиглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-22 13:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АХБ-наас эдийн засгийн төлөвийн шинэчилсэн тайланг танилцуулсан. Энэ үеэр мөнгөний бодлого, АХБ-наас үзүүлж буй зээл, тусламжтай холбоотойгоор зарим зүйлийг тус банкны ахлах эдийн засагч С.Болдоос тодрууллаа.


-АХБ-наас манай улсад 100 сая ам.долларын тусламжийн зээлийг хуваарилаад байгаа. Эдийн засгийг тогтворжуулахад Засгийн газрын үйл ажиллагааг дэмжинэ гэсэн. Яг юуг дэмжих вэ? Хэзээ орж ирж, юунд зарцуулах вэ?  

-Уг тусламж нь тодорхой хугацаатай, өнгөрсөн 8 дугаар сарын 25-нд баталсан. Энэ сард багтаан олгогдоно. Энэ хөрөнгөөр гадаад валютын нөөц нэмэгдэнэ. Нөгөө талаар ААН-үүдийн орлогын албан татвар буурч байгаа. Мөн Засгийн газар шатахуун болон түлшний Онцгой албан татвар дээр нэлээн хөнгөлөлт үзүүлж, мөн хүнсний зарим бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлсөн байгаа. Энэ мэтээр төсвийн орлого тал дээр ачаалал бий болж байгаа тул төсвийн дэмжлэгт очно.


-Төв банк мөнгөний бодлогын хүүгээ өсгөсөн нөлөөллийн талаар юу гэж дүгнэн үзэж байна?

-Ер нь бол эдийн засгийн хүндрэлээс гарах суурь нөхцөл нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төсөв болон мөнгөний бодлогын оновчлол, тохиргоог хийхээс л эхлэх болов уу. Банкны системийн үндсэн үйл ажиллагаан дээр, тодруулбал, зээл хумигдаж буй зэрэг шалтгаанаар пассив буурч буй тохиолдолд актив дээр зайлшгүй тохиргоо хийх нь ойлгомжтой. Мөнгөний бодлогын чангарах мөчлөг цаашдаа үргэлжлэх төлөвтэй байна. Үүнд өнгөрсөн оны эцэст 6 хувь байсан бодлогын хүүг 12 хувь болгосон Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг хэлж болно.


Активын ангиллын болон эрсдлийн сан байгуулах Төв банкны журам цар тахлын үед банкуудад болон харилцагч нарт нэлээн зөөлөн, уян хатан зохицуулах үүрэг бүхий дэмжлэг болж байсан бол одоо энэ байдал бүхий бодлогоос гарах чиглэлийг Монголбанкнаас барьж байх шиг байна. Банкууд мэдээж зээлийн бодлогодоо өөрчлөлт оруулсан байх.


Дээр нь саяхан системийн нөлөө бүхий 5 банк дээр хийсэн активын чанарын үнэлгээний нөлөө банкуудын баланс дээр орж байгаа учир үүнтэй уялдан зээлийн өсөлтийг сааруулах улмаар зогсоох тохиргоог хийгээд эхэлсэн байх. Энэ нь мэдээж ирээдүйн хувийн хэрэглээ болон хувийн хөрөнгө оруулалтад нөлөөлнө.

Холбоотой мэдээ