Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 12.9 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-24 13:52:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл энэ оны эхний хагас жилд 2 их наяд төгрөг болж, 1.9 (97.1 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын, 56.8 (2.9 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэв. 


Барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 224.4 (12.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд дотоодын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 216.6 (12.8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлөв. Дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 1.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 402.8 (28.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Харин төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 54.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 180.8 (77 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 16.5 тэрбум төгрөг болж, 5.3 (24.5 хувь) тэрбум төгрөгөөр багассан аж. Барилга угсралт, их засварын ажлын (2015 оны зэрэгцүүлэх үнээр засварлан үнийн нөлөөллийг арилган тооцсон) гүйцэтгэлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 35.0 (2.7 хувь) төгрөгөөр багасжээ.


Энэ оны эхний хагас жилд барилга угсралт, их засварын ажлын 48.8 хувийг орон сууцны, 35.4 хувийг орон сууцны бус, 12.7 хувийг инженерийн барилга, байгууламж, 3.1 хувийг их засварын ажил эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс орон сууцны барилгын ажлын эзлэх хувь 9.7, их засварынх 0.9 нэгж хувиар нэмэгдсэн бол инженерийн барилга, байгууламжийнх 10.4, орон сууцны бус барилгынх 0.2 нэгж хувиар багаслаа.


Орон сууцны бус барилгын ажил энэ оны эхний хагас жилд 694.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 76.8 (12.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд үйлдвэрийн барилгын ажил 37.9 (11.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан ч сургууль соёлын барилгын ажил 31.2 (25.8 хувь) тэрбум, худалдаа, үйлчилгээний барилгын ажил 27 (48.1 хувь) тэрбум, бусад орон сууцны бус барилгынх 53.3 (64.8 хувь) тэрбум, эмнэлгийн барилгынх 3.2 (13.5 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Улаанбаатар хотод энэ оны эхний хагас жилд 1.1 их наяд төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийсэн нь улсын дүнд 56.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 8.6 нэгж хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Дотоодын барилгын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил энэ оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр Өмнөговь аймагт 348.5 тэрбум, Орхон аймагт 83.2 тэрбум төгрөг болж, энэ нь аймгуудын барилга угсралтын ажлын дүнд 52.2 хувийг эзэлж байна. Өмнөговь аймаг дахь "Оюу толгой"-н далд уурхайн бүтээн байгуулалт, төмөр зам, автозамын ажил, Ховд аймагт цементийн үйлдвэрийн барилга, угсралт, Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийн барилгын өргөтгөл, орон сууцны барилгын ажлууд эрчимтэй өрнөжээ. 

Холбоотой мэдээ