БАЯН-ӨЛГИЙ: Нэгдсэн эмнэлгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-22 09:25:09

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийг нэн шаардлагатай байгаа 21 төрлийн тоног төхөөрөмжөөр хангалаа.


Уг ажлыг УИХ-ын гишүүн Х.Баделхан санаачлан хэрэгжүүлсэн ба нийтдээ 600 сая төгрөгийн төсөвт өртөгтэй аж. Тоног төхөөрөмжийн багцад дижитал маммографийн аппарат, 4D эхо, чих хамар хоолойн үзлэгийн иж бүрдэл, ковидын дараах уушгины үйл ажиллагааг хэмжих төхөөрөмж, гематологийн бүрэн автомат анализатор, 150 ш нэг үйлдэлтэй эмнэлгийн ор, хяналтын монитор, цахилгаан зүүний аппарат зэрэг багтсан байна.


"Эрүүл мэндийн салбарыг зах зээлийн горимд шилжүүлж эрс өөрчлөх, шинэчлэх ажлыг хийж байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг 2020 онд шинэчилснээр эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоонд шилжиж байгаа. Стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн байгууллагуудыг төр, хувийн хэвшил гэж ялгахгүй болж, сайн ажилласан байгууллага их санхүүжилт авахаар болсон. Цаашид хэн сайн ажиллана, тэр эмч, эмнэлгийн мэргэжилтэн өндөр цалин авах болно. Тэгэхийн тулд та бүхэнд хамгийн түрүүнд орон байр хэрэгтэй. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга шинээр баригдаж байна. Хоёрдугаарт тоног төхөөрөмж шаардлагатай. Энэ бол маш чухал асуудал. Тиймээс орон нутгийн удирдлага, Нэгдсэн эмнэлгийн дарга нар бидэнд олон удаа асуудал тавьсан. Тавьсан саналын дагуу улсын төсөвт 600 сая төгрөг тусгуулж, эдгээр тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна" хэмээн УИХ-ын гишүүн Х.Баделхан хэллээ. 

Холбоотой мэдээ